Categories
мэдээ цаг-үе

​УДЭТ-ийн жүжигчин Г.Номуун: Наадам дөхөөд ирэхээр хурим маань санаанд ороод сайхан байна

Сайн байна уу. Наадмын нээлт болох гээд тун завгүй байгаа бололтой. Энэ их ажлынхаа хажуугаар цаг гарган уулзаж байгаад баярлалаа. Жүжигчин Г.Алтангэрэл та хоёр өнгөрсөн жилийн наадмын нээлтээр монгол түмнийхээ өмнө гал голомтоо бадраасан. Энэ талаар яриагаа эхлэх үү, өргөн дэлгэр сайхан хурим болсон доо?

Наадам дөхөөд төв цэнгэлдэх хүрээлэн рүүгээ орж ирэхээр хуримаа хийж байсан үеийнхээ мэдрэмжийг ахин мэдэрч байна. Манай ажлынхан “Та хоёр ойгоо хийх үү” гээд л байгаа, бүх хүний л сэтгэлд үлдсэн наадам болж өнгөрсөн. Амьдралын маань хувьд хамгийн чухал өдөр. Энэ жил дахиад төрийн их баяр наадмынхаа нээлтэнд оролцох гэж байгаадаа баяртай байна.

Наадмын нээлтэн дээр хуримаа хийх саналыг анх хэрхэн авч байв?

Өнгөрсөн жилийн наадмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан. Жүжигчдийн хурал хийдэг “17 дугаар” өрөөнд бүх жүжигчдээ оруулаад найруулагч маань “Энэ жилийн наадмаарбэр гуйх болон хуримлах ёсон дээр тулгуурласан үйл явдал гарахаар зохиол бичигдсэн байгаа. Энэ жилийн наадмын нээлт хоёр гол дүртэй. Гол дүрүүд маань наадмынхаа төв талбайд хуримаа хийнэ” гээд хэлсэн. Би гол дүрийн жүжигчнийх нь нэрийг сонсоогүй байхдаа бэлгэшээгээд л, ямар гоё үйл явдал вэ гэж бодож байлаа. Гэтэл найруулагч маань “Гол дүрийн жүжигчдээр нь жүжигчин Алтангэрэл болон түүний гэргий Номуун нарыг сонголоо” гэж хэлсэн . Найруулагчийн хэлэхийг сонсоод “Хөөх ямар гоё юм бэ” гээд л дуу алдаж байлаа. Зургаадугаар сарын дундуур найруулагч маань тэгж хэлсэн. Тэрнээс хойш бид хоёр хуримаа хийх үү, яах уу гээд л бодсон доо. Нэлээн ярилцсаныхаа дараа ер нь хуримаа хийе гэж шийдсэн. Манай гэр бүлийн найзууд “та хоёр ийм гоё боломжийг алдаж болохгүй” гэж зөвлөж байлаа. Тэгээд 20 хоногийн дотор наадмынхаа бэлтгэлийн хажуугаар хуримынхаа бэлтгэлийг хийгээд хуримаа хийсэн дээ. Маш том боломжийг олгосон найруулагчдаа баярлалаа.

Хүүхэд насны тань хамгийн сайхан наадам хэзээнийх байсан бэ?

Бага байхад наадмын нээлтийн утга санаа нь юу байна гэх мэт зүйл боддоггүй байлаа. Наадам болгон л сайхан байсан. Наадмын нээлтэнд дараалан 4, 5 жил оролцож байгаа. Наадмын нээлтэнд оролцсон жил бүхэн л сэтгэлд хоногшсон байна.

Энэ жил яаж наадах гэж байна?

Өглөө наадмынхаа нээлтэнд орчихоод л хуушуураа идэх байх. Тэгээд гэр бүлээрээ агаарт гарна даа.

Залуу үеийн төлөөлөл болсон олны танил гэр бүл гэдэг утгаараа хүмүүс та хоёроос үлгэр жишээ байхыг шаарддаг байх?

Бид хоёр өөрсдөдөө хатуу шаардлагыг тавьдаг. Цаг барих ёстой, үүрэг даалгавар авсан ажлаа хариуцлагатайгаар цаг хугацаанд нь хийдэг байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьдаг даа.

Та чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ?

Ихэвчлэн л театр дээр цагийг өнгөрөөдөг учраас бид хоёрт чөлөөт цаг ховор гардаг. Өглөөнөөс орой хүртэл бэлтгэлтэй байдаг болохоор жаахан зав гарвал гэр бүлдээ цаг зарцуулахыг хичээдэг. Гэр бүлтэйгээ агаар салхинд гарч, хүүхдүүдийнхээ төлөвшилд анхаардаг даа.

Жүжигчин мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу байдаг юм бэ?

Хүн болгон л өөрөөр хариулах байх л даа. Нэг бүтээлийн дүр аваад тэр дүр дээрээ ажиллахын тулд бүхий л сэтгэл зүрх, хүч чадлаа дайчлан асар их хүч хөдөлмөр зарцуулаад үзэгчдэд бүтээлээ үзүүлсэний дараа алга ташилт авах мөч, үзэгчдэдхүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж л гоё байдаг.

Таны бүтээсэн дүрүүдээс өөрт тань хамгийн их таалагддаг дүр юу вэ?

Би театрт ороод 5, 6 жил л болж байна. Залуу хүний хувьд маш азтай, олон сайхан дүрдээр ажилласан. Эмэгтэй жүжигчин болгоны хүсэл мөрөөдөл Жулиеттагийн дүрд дээр ажиллалаа, одоо ч ажилласаар байгаа. Энэ бол хэзээ ч мартагдашгүй. Бодит хүний дүр дээр ажиллана гэдэг маш их хүч хөдөлмөр шаарддаг. Энэ утгаараа Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадуламын дүр маань сэтгэлд дотно байдаг. Дүр болгон л өөр өөрийн гэсэн онцлоготой.

Дэлгэцийн уран бүтээлд тоглох саналууд их ирдэг байх?

Дэлгэцийн уран бүтээлд тоглох саналууд нилээд ирсэн. Сая нэг уран бүтээлд тоглосон удахгүй нээлтээ хийнэ. Наадмын үйл ажиллагаа дууссаны дараа дахин нэг уран бүтээлд тоглох гэж байгаа.

Наадмын нээлтэнд оролцох гээд их л завгүй байгаа байх. Энэ их ажлын хажуугаар хүүхдүүдээ яаж зохицуулж байна даа?

Бид хоёрын мэргэжлийг гэр бүлийнхэн маань маш сайн ойлгодог. Тиймээс хүүхдүүдийг маань өвөө эмээ, ах эгч нар нь хардаг даа.

Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье, сайхан наадаарай.

Баярлалаа. Хотол олноороо сайхан наадаарай.

номуун алтангэрэл хурим зурган илэрцүүд

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *