Categories
мэдээ нийгэм

Өчигдөр зургаан хүүхэд осолд өртөж, гэмтжээ

Өчигдөр зам тээврийн ослын 296 дуудлага Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт иржээ. Үүнээс ослын 11 хэрэг бүртгэгдэж нэг хүн нас барсан байна. Мөн 14 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Зургаан хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны дөрөв байсан юм. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч хоёр байжээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн гэж ЗЦГ-аас мэдээллээ. Тухайлбал:СХД-ийн нутаг Сонсголонгийн зам, БХЯ-ны 013 дугаар цэргийн ангийн зүүн замд H.Sonota маркийн Э жолоочтой авто машин замын хажуу руу орж зорчигч 41 настай эрэгтэй Т нас барсан. СБД-ийн нутаг Дамбадаржаагийн 16 –р хорооны байрны хойд замд Т.Vitz маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 07 настай эрэгтэй У-г мөргөж гэмтээсэн.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал нэмэгдсэнийг цагдаагийнхан анхаарууллаа. 6-10 хүртэлх насны хүүхдийг эцэг, эх нь болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар нь харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас болж хүүхэд зам тээврийн осолд өртөж байна. Үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр эцэг эх болон бүх шатны боловсролын байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та автобусны буудал, орон сууцын хороолол, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд явахдаа тээврийн хэрэгслийн хурдаа хасаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *