Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Өчигдрийн /2020.11.27/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 911 тээврийн хэрэгслээр 1069 зорчигч хот руу нэвтэрсэн байна. Харин дээрх шалтгаан чиг үүргийн дагуу 1199 тээврийн хэрэгслээр 1909 зорчигч хотоос гарчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр хотруу орох 729, хотоос гарах 340 чиглэлд 1069 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийсэн байна.