Categories
мэдээ цаг-үе

У.Уранчимэг: “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” кино анх удаа Америкт гарах зөвшөөрлийг авсан

“Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино энэ сарын 5-нд нээлтээ хийнэ. Үүнтэй холбоотойгоор тус киноны уран бүтээлчид мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй ярилцлаа.

-“Атганд үлдсэн эрдэнэ” кино гадаадын тэр тусмаа Америкийн кино театруудад гарна гэж ойлгоод байгаа?

-Зарим зүйл дээр хүмүүс их андуурч ойлгож байна. Мэдээж манай продакшны хувьд Монголын уран бүтээлчдээс анх удаа дэлхийн стандартад нийцэх техник технологийг ашиглан мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллалаа. Гол нь Монголынхоо үзэгчдэд дэлхийд гарч буй киноны стандарт, техник технологийн шаардлагад нийцсэн бүтээлийг хүргэх юмсан гэсэн чин хүсэл байсан юм. Зургийн найруулагч Д.Ангарагийн санаачилгаар гаднын мэргэжлийн багтай хамтарч ажиллах боломж, нөхцөл бидэнд бүрдсэн юм. Олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгааг зарим хүн дэлхийд нээлтээ хийх гэж байна, цаашаа ингэх гээд байна гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол бидний дараагийн ажил. Мэдээж бид ийм том чин хүслийг өвөртлөөд явж байгаагийн хувьд тэр зам руу, тэр шат руу ахихыг хичээнэ. Үүний тулд нэг хоёр жилийн зохион байгуулалтын ажиллагаа шаардана. Харин өнөөдөр эхний шатыг давчихсан гэсэн үг. Цаашдаа яаж ажиллах вэ гэдэг нь одоо гэрээ хэлэлцээрийн түвшинд яригдаж байгаа.

-“Хувьсал” продакшн Монголын кино урлагийнхныг Холливудад гарах гарцыг нээж өгсөн гэж хэлэх гээд байна уу?

-Ойлгомжтой. “Хувьсал” продакшн Холливудад гарах цааш цаашдын кино бүтээлүүдийн жимийг гаргаж анхдагч болсондоо баяртай байна. Хоёр, гурав дахь Холливудын түвшинд хийгдэх кино, өөр кино продакшнтай ажиллах эхний төлөвлөгөө гараад эхэлсэн байна. Үүнд би маш их баяртай байгаа.

-Мэдээж дэлхийн стандарт бариад эхлэхээр их ажиллагаатай юм уу?

-Бидний дөрөв дэх уран бүтээл яг нэг жилийнхээ ой дээр нээлтээ хийх гэж байна. Өнгөрсөн жил киноны зохиол ерөнхийдөө гарчихсан, засварын ажил явагдаж байсан. Энэ хооронд киноны зургийн найруулагчаар ажилласан Д.Ангарагтай Америк руу холбогдсон. Зохиол хэдий бичсэн байсан ч холливудын заавал ийм байх ёстой гэсэн хэлбэрт оруулах ёстой болсон. Ангараг зохиол дээр санаа оноогоо ярилцаад задаргаа хийгээд зохиол дээр ажилласаар байгаад зураг авалт зургадугаар сарын эхээр эхлэх байсан бол нэг сар гаруй хугацаанд хойшилсон. Зуны сайхан ногоон өнгө хэрэгтэй гээд байгалийн өнгөө хүлээх гээд бэлтгэл ажил явсаар байгаад зургаан сарын сүүлээр зураг авалт эхэлсэн. Үндсэндээ хоёр сарын хугацаанд зураг авсан.

-Киноны сурталчилгаанаас харахад байгалийн их сайхан үзэсгэлэнт газруудыг сонгосон санагдсан?

-Мэдээж байгалийн үзэсгэлэнт газруудыг сонгох хэрэгтэй. Конины гол үйл явдал Сүхбаатар аймгийн Дарьганга суманд өрнөж байгаа. Сүхбаатар аймгийн Дарьганга, Төв аймгийн Эрдэнэ суманд, хамгийн сүүлийн зураг авалтыг Говь- Алтай аймгийн Шарга суманд хийсэн. Улаанбаатар хотоос 1000 гаруй километрийн зайтай газарт очиж үлдсэн зургаа авсан. Харин хаалтын зургийг хотын захад гэр барьж авсан байгаа.

-Зөвхөн кинонд зориулж том агуй бүтээсэн гэсэн. Үнэн үү?

-Монголын түүхэн болон хөдөөгийн ахуй байдлыг харуулсан кинонд хад, агуй харагдаж л байдаг. Харин зөвхөн энэ кинонд зориулаад сар гаруй хугацаанд ерөнхий зураач Хүрэлбаатар урт нь долоон метр, өргөн нь таван метр том агуйг бүтээсэн. Яагаад гэхээр киноны үндсэн үйл явдлын ихэнх зураг авалт агуй дотроос хийгдэх байсан учраас зураачдын баг сар гаруй ажиллаж зориуд агуй барьсан.

-Тэгэхээр кино зураг авалтаа дуусгаад дөрвөн сарын турш Америкт нэг ёсондоо шалгалт өгсөн байх нь ээ?

-Дөрвөн сарын хугацаанд өнгө шүүлт, color correc­tion, sound-ийн ажлууд зэрэг явагдсан байгаа. Ганчимэг бид хоёрын хувьд 45 хоногийн хугацаанд Америкт байрлаж ажиллаад ирсэн. Үлдсэн ажлыг зургийн найруулагч Ангараг, эвлүүлэгч Гантулга, орчуулагч Сант-Амар нар нэг баг болж киногоо хийж дуусгасан байгаа. Одоо эцсийн шатны ажил нь явагдаж байна. Кино үзлэг маргааш хийгдэнэ. Түүний дараа гуравдугаар сарын 5-нд Монголынхоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

-Гаднын компаниуд танай киног сонирхож Америкт гаргах тал дээр холбогдож байна уу?

-Байлгүй яахав. Хэд хэдэн газар сонирхъё, үзье гэж санал тавьсан. Яг одоогийн байдлаар “Mongus pictures”-ийн Л.Нямжаргал Америкт энэ чиглэлээр ажиллаж байна. “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” кино анх удаа АНУ-д гаргах зөвшөөрлийг авсан. Энэ зөвшөөрлийг авахад тодорхой стандарт, шаардлага, бичиг баримтын асуудлууд гарч ирсэн. Энэ асуудлыг зургийн найруулагч Д.Ангараг бүрэн хариуцаж ажилласан. Үндсэндээ хүүхдийн насны зэрэглэл, уг кино гарч болох юм уу, болохгүй юм уу гээд бүгдийг нь шалгадаг байгууллагад нь шалгуулаад албан ёсны зөвшөөрлийг нь авсан. Клип, трэйлерийн өмнө мэдээлэл бүхий ногоон дүрс гарч байгаа. Тэр бол заавал тавигдах ёстой стандарт юм билээ. Үүний дараа дистрибютерийн ажлыг “Mongus pictures” болон АНУ-ын Кино зураглаачдын холбооны тойргийн дарга Сауле Молино хариуцаж ажиллаад цаашдаа энэ ажил эхэлнэ. Түүнээс биш зэрэг нээлтээ хийх гээд байна гэж ойлгоод байх шиг байна лээ. Аливаа зүйл чинь шат дараалалтай явагддаг. Цаг хугацаа их шаардана. Энэ бол дараагийн асуудал. Юун түрүүнд бид монголчууддаа хүргэе.

-Зураг авалтын үед М15 хэмээх сүүлийн үеийн технологийг ашигласан болохыг уран бүтээлчид ярьсан. Энэ технологийн талаар тодруулахгүй юу?

-Манай кино он дамжиж бүтээгдлээ. Яг киноны ажил эхлэх үеэр гэсэн үг. 2015 онд Америкийн Кино зураглаачдын холбоонд дөнгөж танилцуулагдаад байсан М15 технологийг кинондоо ашиглаж байсан. Монголд Movie running гэж нэрлэгддэг технологийг уран бүтээлчид кинонд ашигладаг. Дөрвөн талаас нь хөдөлгөөнийг удирддаг. Энэхүү шинэ технологи найман талт хөдөлгөөнөөр удирдагдана. Үүгээрээ технологийн маш том дэвшлийг уг бүтээлд ашиглалаа. Нэгэнт л киногоо Холливудын хэмжээнд хийнэ гэж байгаа бол анхнаасаа ийм техникээр зургаа авах шаардлагатай байна гэдгийг Д.Ангараг хэлсэн. Ингээд бид ярилцаад Сауле Молиногоор дамжуулж тус загварыг худалдаанд гарахаас нь өмнө захиалж авсан.

-Киноны сэдэв сошиалд их яригдаж байна. Шүүмжилсэн хандалтууд ч ажиглагдсан. Найруулагчийн өнцгөөс тайлбар өгөөч?

-Трэйлер, клип гарсны дараа хүмүүсийн сэтгэл хөдлөл, хандалт янз бүр байгаа. Зарим нь киног бүтэн үзээгүй, нээлтээ ч хийгээгүй байхад үзэл бодлоо илэрхийлж байна. Хүчирхийллийг өөгшүүллээ гэдэг ч юм уу. Кино гэдэг өөрөө бие даасан маш том урлаг. Кино өөрөө дотроо маш олон том задаргаатай. Маш олон төрөл жанр, урсгал, өнгө аястай. Түүнийгээ дагаад найруулагч нар нь хүртэл өөрсдийн гэсэн хэв маяг, өнгө, өөрсдийн хардаг өнцөгтэй. Аливаа кино найруулагч хүний эмзэглэл дээрээс бүтдэг. Инээдмийн кино хийдэг найруулагч байхад над шиг илүү драмын төрөлд өөрийгөө сорих гэсэн найруулагч бас байна. Хүний өөрийнх нь харах өнцөг, найруулагч хүний мэдрэмж кино бүтэхэд хамгийн түрүүнд тавигддаг.

-Тэгэхээр та бүхэн хүний эрх, хүчирхийллийн асуудлыг тусгасан бүтээлээр Холливудад гарах нь илүү ач холбогдолтой гэж харжээ?

-Энэ кино бол цэвэр хүчирхийллийн эсрэг, хүний эрхийн сэдэвтэй бүтээл. Энэ киног олон улсад гаргахад сэдэв нь өөрөө маш далайцтай. Хүчирхийллийн эсрэг хүний эрхийн талаар гэхээр ямархуу сэдэвтэйг нь клип, трэйлэрийг хараад үзэгчид ойлгосон байх. Үүнд битгий эмзэглэ. Энэ бол уран сайхны бүтээл, уран сайхны зохиомж. Романтик, гэгээлэг сайхан уран бүтээл хийдэг мундаг уран бүтээлчид байна. Тэднийг үздэг нь үзнэ.Миний, “Хувьсал” продакшны сонголтыг үздэг хэсэг нь мөн л үзнэ. Дэлхий ертөнц өөрөө тийм юм шаардаж байна.

-Кино зохиолыг та өөрөө бичсэн юм уу. Эмэгтэй хэрнээ эрэгтэй хүүхэд шиг хувцасладаг, ийм маягаар амьдардаг дүр таарч л байдаг. Харин таны барьж авсан өнцөг арай өөр юм?

-Би өөрөө тийм сайн зохиол бичдэг хүн биш. Ер нь киноны зохиолд “Хувьсал” продакшн багаараа оролцдог. Эхний анатац зохиолчоос гарна. Тэгээд судалгаа хийсний үндсэн дээр олон хүний санаа орж байж зохиол бүтдэг. Зохиол гэдэг өөрөө дүрэм журамтай. Тусдаа мэргэжил шүү дээ. Зохиолын санаа эртнээс бодогдож байсан. Энэ зохиол бичигдсэнээсээ хойших эцсийн байдлаар 14,15 удаагийн засвар орсон байдаг. Явцын дунд бидний амьдарч буй нийгэмд нөхөр нь эхнэрээ зодож, хүүхдээ ингэж гэмтээж, тэнд цэцэрлэгийн багш хүүхэд зодож гэсэн сөрөг мэдээллүүд их гарч байсан. Яагаад хүнээс ийм үйлдэл гардаг юм бол. Амьтан хүртэл үр хүүхдээ яаж хамгаалдаг билээ. Тэгэхэд хүнээс яаж ийм хүний санаанд багтамгүй үйлдлүүд гардаг юм бэ гэж бодохоор л зохиолч, найруулагчийн хувьд эмзэглэл ороод ирнэ. Кино зохиолтой холбогдсон өнцгүүд өөрийн эрхгүй төрнө. Дээрээс нь энэ бол баримтат кино биш, уран сайхны бүтээл. Уран сайхны кино гэдэг нь байгаа юмыг байхгүй болгож, байхгүй юмыг бий болгодог. Үүнийг бас үзэгчид тунгааж хүлээж авах нь зүйтэй. Эмэгтэй хүн эрэгтэй хүний дүрд тоглосон аш олон Холливудын, Монголын олон сэдэв санаа байдаг. Энд би нэг их мундаг болоод анх удаа сэтгээд гэж яримааргүй байна. Гол нь уран сайхны зохиомж нь ямар өнцгөөс, яаж бичигдсэн, яг юуг хэлэх гээд байна вэ гэдэг нь миний хувьд чухал. Нөгөө талаар Монголын өв соёл гээд байхаас илүү орчин цагт болж байгаа үйл явц энэ кинонд гарна. Үнэхээр орчин цагийн хүмүүс хөдөө ахуйгаа мэддэг үү? Өв соёлоо мэддэг үү? Хадгалж үлдэж чадсан уу? Ингээд задлаад яривал их юм байна.

-Дараагийн уран бүтээлдээ орчихсон уу?

-“Атганд үлдсэн эрдэнэ” киноны үлдсэн ажлыг Ганчимэг болон маркетингийн ажилчид хийж байна. Миний хувьд Ганцэцэгтэй хамт дараагийн уран бүтээлийн сюжет дээр ажиллаад эхэлчихсэн. Зураг авалт энэ зун Улаанбаатар хотод хийгдэнэ. Гол дүрийн жүжигчдийн тухайд “Хувьсал” продакшн анх удаа хөндлөнгийн найруулагч авч ажиллах гэж байна. Дараа дараагийн удаа бид баг, бүрэлдэхүүнээ сольж өөрсдөө хөгжиж байх хэрэгтэй. Бүх юм сайн болно гэж байхгүй. Дандаа сайжруулах гэж дараа дараагийн асуудал, эрсдэл зэргийг тооцох хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрсдөө уран бүтээл хийгээд сайн муу болоод байгаагаа мэдэхгүй яваад байж болохгүй.

-Таныг Улсын драмын эрдмийн театраас гарснаас хойш ямар нэг дүрийн санал ирж байна уу. Өнгөрсөн хугацаанд зөвхөн өөрийнхөө продакшны бүтээлд л ажиллалаа?

-Миний ааш авиртай холбоотой юм шиг санагддаг. Яг үнэндээ би уран бүтээлд их амбицтай хүн. Юунд орох ёстой, юунд орохгүй байх ёстой юм. Бүх зүйлд ороод яваад байх нь ер нь зөв юм уу. Би өөрөө бүхэл бүтэн продакшн хариуцаж ажиллаж байгаа болохоор өөр юм хийх завгүй байдаг. Яг одоо энэхүү киногоо нээгээд удаагүй байхад дараагийн киноны зураг авалтын бэлтгэл эхэлнэ. Бэлтгэл ажилд ямар их хүч хөдөлмөр ордгийг энгийн үзэгчид маань тэр бүр мэддэггүй. Бэлтгэл ажил хамгийн чухал байдаг. Энэ мэтчилэн завгүй явна.

-Залуу жүжигчин А.Ганчимэг гол дүрийг бүтээхийн сацуу хоёр дүрд хувирсан. Кино нээлтээ хийгээгүй байхад л түүний ур чадвар үзэгчдийг их татаж байх шиг?

-Энэ бүтээлийг гаднын мэргэжилтнүүд яаж хүлээж авч мэдэрч байна гэдгийг бид анзаарч байгаа. Миний хувьд хоёр зүйлийг итгэлтэй хэлнэ. Мэргэжлийн мундаг хүмүүс нь А.Ганчимэгийг сайн тоглосон байна гэж хэлсэн. Д.Ангараг зураглаачийг үнэхээр гайхалтай зураг авалтыг гүйцэтгэсэн байна гэсэн. Мэдээж тэр орчин нөхцөлд манай кинотой хамт өнгө шүүлтэд ороод нээлтээ хийхэд бэлэн болсон Холливудын бүтээлүүд байсан. Дөрвөн сарын хугацаанд яг мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаад манай эвлүүлгийн найруулагч их зүйл сурсан гэж ойлгож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *