Categories
мэдээ цаг-үе

У.Цасжин: Би хүүхэд бүрийг инээж байгаасай гэж хүсч байна

“Aurora Films”-ийн найруулагч Б.Чингүүний бүтээл “A Family Portrait” буюу “Гэр бүлийн хөрөг” богино хэмжээний кино “London short film awards” наадмын шилдэг бүтээлийн нэгээр шалгарчээ. Тус наадамд 100 гаруй уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн бөгөөд наадмын шилдэг эмэгтэй гол дүрд Ононгийн дүрд тоглосон У.Цасжин охин нэр дэвшжээ. Шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид зургаан хүн нэр дэвшсэнээс хоёр нь охин ажээ. У.Цасжин “Хөгжилтэй гэр бүл” олон ангит инээдмийн кинонд тоглосон бөгөөд гурван жилийн өмнө “Х түц” продакшны “Сэрүүн хасын нууц” драмын жүжигт бяцхан охины дүрийг бүтээж байжээ. Ингээд У.Цасжин охинтой ярилцсанаа хүргэе.

-Олон улсын кино наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид дэвшжээ. Энэ тухай анх хэнээс дуулсан бэ?

-Б.Чингүүн ах над руу утсаар ярьж хэлсэн. Бас энэ тухай мэдээллийг фэйсбүүкээр шэйрлэсэн байсныг нь би уншсан. “Гэр бүлийн хөрөг” богино хэмжээний кино 2014 оны тавдугаар сард цацагдсан. Б.Чингүүн ах энэхүү киногоороо дамжуулж бидний харж байгаа болон нүднээс далд байгаа гэр бүлийн хүчирхийллийг гаргахыг хүссэн болов уу гэж боддог.

-Нэр дэвшсэн жүжигч­дийн дунд өөрөөс чинь гадна бас нэг охин байгаа гэв үү?

-Тийм. Миний мэдсэнээр бол зургаан эмэгтэй нэр дэвшсэнээс дөрөв нь насанд хүрсэн хүн, хоёр нь бага насны охин юм билээ.

-Кинон дээр гардаг Онон охины дүрийг тодруулахгүй юу?

-Хойд аавдаа ад үзэгдэж, зодуулдаг хөөрхийлөлтэй охины дүр.

-Киноны үйл явдлаас яриач…?

-Аав нь бурхан болоод ээж нь өөр хүнтэй гэр бүл болдог. Ингээд хойд аавынхаа гэрт ээжтэйгээ хамт амьдрахаар очсон. Тэр айлын аав надад маш дургүй. Намайг их зоддог.

-Өөр хүүхэдтэй юм уу?

-Ээжтэй гэрлээд нэг хүүхэдтэй болдог. Тэгээд гэр бүлийн хөрөг зураг авахуулсан чинь би гай болсон юм шиг байна лээ. Үүнээс болоод үйл явдал өрнөдөг.

-Аав, ээжийнх нь дүрд ямар уран бүтээлчид тоглосон бэ?

-Ээжийн дүрд тоглосон эгчийг би сайн танихгүй ш дээ. Аавд Болд ах тоглосон.

-Танай аав ээжийг хэн гэдэг вэ. Ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?

-Аав Ууганбаяр зэвсэгт хүчинд алба хаадаг. Ээж Батцэцэг маань Монголын үндэсний радио телевизийн сэтгүүлч. Миний дүү Цэлмүүн зургаан настай.

-Хүчирхийлэлд өртөж аавдаа зодуулж чичлүүлдэг дүрд тоглоход хэцүү байв уу. Ямар санагдсан бэ?

-Үнэхээр аймаар. Уг нь зодуулсан ч уйлахгүй тэвчээртэй, шазруун дүр гаргах ёстой. Гэхдээ яг зоддог хэсэг дээр нь би тэсэхгүй уйлчихсан.

-Тэгээд уйлсан чигээрээ зураг авсан хэрэг үү?

-Тэгсэн. Хэдий намайг хуурамчаар зодсон ч гэсэн би дүрдээ хэт орсон байсан учраас айгаад дахиж зураг авч чадаагүй. Тэгээд кинон дээрээс уйлсан чигээрээ гарсан. Манай эмээ, өвөө хоёр тоглосон киног маань үзээд зөндөө уурласан гэсэн. Өвөө бүр босч ирээд “Энэ нэг юм чинь хүүхэд алаад хаячихлаа” гээд байсан гэж эмээ хэлсэн. Эмээ хүртэл кино үзээд их уйлсан байна лээ. Анх манай аав, ээж хоёр ч гэсэн энэ кинонд тоглохыг эсэргүүцэж байсан.

-Тийм үү?

-Тийм. Найруулагч Б.Чингүүн ахыг санал тавихад бага насны хүүхдэд ахадсан дүр гэж ярьж байсан. Би гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн байхгүй юу. Тиймээс би хүүхэд бүхнийг аз жаргалтай байгаасай гэж хүсч байна.

-Аль сургуульд сурдаг билээ?

-Би 48 дугаар сургуулийн 5б ангийг төгссөн. Одоо зургадугаар ангид орно. Сая кино зураг авалтын үеэр би 11 нас хүрсэн. Өдөржингөө зураг авалтад ороод завгүй байсан болохоор төрсөн өдрөө тэмдэглэж чадаагүй. Тэгсэн зураг авалтын дараа найруулагч маань торт авч өгөөд миний төрсөн өдрийг гоё тэмдэглэж өгсөн.

-Саяхан телевизээр цацагдсан “Хөгжилтэй гэр бүл” кинонд тоглосон. Энэ кинонд тоглох саналыг хэн тавьсан бэ?

-Надад санал тавиагүй. Боловсрол телевизээр дүр шалгаруулах тухай реклам гарсан. Би ээжид хэлээд очиж проб өгсөн. Зөндөө хүүхэд шалгаруулалтад орсон. Хэдэн үе шаттайгаар проб өгсөн. Би тэнцсээр байгаад ганцаараа шалгарч үлдсэн. Тэгээд СТА жүжигчин Д.Энхбаяр ах, Н.Цэнд-Аюуш эгчийн охин Мишээлийн дүрд тоглосон доо.

-“Хөгжилтэй гэр бүл” кинонд МУГЖ С.Лхагвасүрэн, СТА С.Өлзийхүү зэрэг олон нэртэй жүжигчидтэй хамт тоглоход ямар санагдсан бэ?

-Дандаа л зурагтаар гардаг мундаг жүжигчидтэй тоглосондоо баярлаж байна. Эхлээд жаахан ичээд биеэ барьж байсан. Дараа нь илэн далангүй болсон. Энэ кинонд тоглосноос хойш намайг хүмүүс, хүүхдүүд их таньдаг болсон юм шиг байна лээ. Гадуур явахаар Мишээл гээд байдаг. Надтай хамт энэ кинонд тоглосон Хүслэн бид хоёр сургуулийнхаа 2015 оны шилдэг сурагч болсон ш дээ.

-“Х-ТҮЦ” продакшны “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжигт тоглохдоо хэдэн настай байсан бэ?

-Есөн настай байсан. Манай дугуйлан дээр Онон ах, Баттулга ах, Одончимэг эгч ирээд шалгаруулж авсан. Зохиолынхоо хэсгээс өгөөд намайг уншаад өөрийнхөө ойлгосноор жүжиглэ гэсэн.

-Хамгийн анх ямар кинонд тоглосон бэ?

-Б.Чингүүн ахын найруулсан “Мама миа” кинонд тоглосон. Бас “Миний сарнай” кинонд тоглосон.

-Ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ?

-Алдартай жүжигчин болохыг хүсдэг.

-Хэн шиг?

-Яг И.Одончимэг эгч шиг. Би Холливудын сургуульд жүжигчний мэргэжлээр сураад Холливудын хэмжээ­ний алдартай жүжигчин болохыг хүсдэг.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна?

-Би зуны цагт зусланд амардаг. Би ном унших дуртай. Бас дуулах дуртай.

-Ямар төрлийн ном уншдаг вэ?

-Шекспирийн сонгодог зохиол унших дуртай.

-У.Шекспирийн ямар зохиолыг уншсан бэ?

-“Ромео Жульетта”-г уншсан. Өөр зөндөө зохиол уншсан. Бэрх нэртэй болохоор мартчихжээ.

Дашрамд дуулгахад “London short film awards” шилдэг дүрүүдээ шалгаруулахдаа олон нийтийн саналыг авах үүднээс facebook, twitter орчинд санал хураалт явуулах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *