Categories
мэдээ цаг-үе

Ө.Ганзориг: Улстөрчид, даатгалынхан, бизнесмен, брокер, банкууд хамтарч зээлийн хүүг бууруулах ёстой

Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Монгол Улсад ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Үр дүн хэр гарсан гэж үзэж байгаа вэ?

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээ хийгдсэн. Ер нь сүүлийн жилүүдэд банкны салбарыг харлуулах, байр суурийг нь ганхуулах үзэгдэл их болсон. Олон улсын түвшинд Монголын банкууд хүнд өвчилсөн мэт ойлголт төрүүлэх гэж оролдож ирсэн. Үүнд харамсдаг. Банкны сектор бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой тул энэ мэт явдлыг бид зөвшөөрч болохгүй. Харин үнэн юм үнэнээрээ гарч ирж, Европын төв банкны стандартаар хийсэн активын чанарын үнэлгээгээр хангалттай дүн авлаа. Төв банк үүсээд 500 жил, арилжааны банк үүсээд 1000 жил болсон, чөлөөт зах зээлийг 1700 оноос хөгжүүлсэн европын стандартаар улс төрийн байдал нь ороо бусгаа, төр засгийн шийдвэр нь байнга өөрчлөгддөг, төрийн бодлого нь банкны салбартаа сөргөөр нөлөөлдөг, 28-хан жилийн түүхтэй Монголын банкны салбарыг шалгасан. Монголбанкнаас зарласан банкуудын өөрийн хөрөнгийн дутагдал ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэж байна гэдэг үнэхээр сайн тоо. Монголын банкууд энэ тоог нэмчих боломжтой. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, энд дурдсан өөрийн хөрөнгийн дутагдал гэдэг нь Европын стандартаар гаргасан дүн юм шүү.

-Монголбанкнаас боловсруулсан банкны салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахыг Их хурал дэмжсэн. Нэмэлт, өөрчлөлт орсон хуулиудад саналаа тусгаж чадсан уу?

-ОУВС-гийн зүгээс манай секторыг Европын стандарттай болгохоор шахаж байгаа. Үүнийг Монголын банкууд бүгд найрсгаар хүлээн авч, энэ стандартыг нутагшуулахаар ажиллаж байна. Гэхдээ зайлшгүй хэлэх, анхааруулах зүйлс бий. Нэгдүгээрт, бид Европ биш, банкны систем нь 28 жилийн түүхтэй. 500 жилийн түүхтэй стандартыг 28 жилийн түүхтэй секторт нааж болох ч эдийн засагт хохиролтой. Хөгжиж байгаа улсын онцлог, улс төрийн бодлого нь тогтворгүй байдаг зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг гэдгийг бодох хэрэгтэй. Банкны салбарын чанаргүй зээлийн тодорхой хэсэг нь төрийн бодлогын залгамж халаа алдагдсан, нэг сайд, нэг дарга гарч ирээд өмнөх бодлогоо үгүйсгэдэг, зогсоодог зэрэг асуудлаас үүсдэг. Засгийн газрын шийдвэрийг хараад банк зээл өгдөг, иргэд ажлаа эхэлдэг. Ингээд явж байтал засаг төр нь солигдоод тэр явж байсан бүтээн байгуулалтыг нь зогсоочихдог, эсвэл хөрөнгийг нь олгохоо больчихдог. Банк зээлээ буцаан авч чадахгүй, зээл авсан иргэн төлж чадахгүй хүнд байдалд ороод үлддэг. Энэ бүгдэд тааруулж, торомзыг нь татах үедээ татаж, тавих үедээ тавьж явах шаардлагатай. Монголын банкууд маш хүнд нөхцөлд ажилладаг, эдийн засгийн хувьд хоёр хөршөөс хамааралтай улсад ажиллаж байгаа банкны секторт маш уян хатан стандарттай байх ёстой. Хууль тогтоомж, олон улсын стандартыг монголд нутагшуулж болно. Гэхдээ ямар улсад, ямар нөхцөлд оруулж ирж байгаагаа анхаарах ёстой.

-Европын стандартыг нэвтрүүлснээр ямар өөрчлөлт гарах юм бол?

-Энэ бүх дүрэм журам, стандартыг монголд нутагшуулбал банкнаас гарах зээлийн хэмжээ багасаж, зээлийн хүүгийн өртөг нэмэгдэнэ. Монголын банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэж бий. 100 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй банкны хэдэн хувь нь эзний оруулсан хөрөнгө байх ёстой вэ гэдэг. Томоохон банкууд 14 хувьтай байгааг 16 хувь болгох асуудал ярьж байгаа. Гэтэл олон улсад энэ нь 7-8 хувь байдаг. Олон улсаас нэг дахин өндөр шалгууртай байж дахин нэмэх асуудлыг ярьж байгаа нь эдийн засагтаа ямар өртөг нэмэх вэ гэдгийг анхаарах ёстой. Үүн дээр нэмээд Төв банкинд бэлэн мөнгөөр барих заавал байлгах нөөц 10 хувь гэсэн зарчим үйлчилдэг. Гэтэл зарим улс орон заавал байлгах нөөц байдаггүй. Энэ мэт Монголын банкны салбар дэлхийд байхгүй өндөр шалгуур, шаардлагыг хангаж ажилладаг. Дахин нэмж чангатгана гэдэг нь эдийн засагт орох мөнгөний урсгалыг бууруулах эрсдэлтэй.

-Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байна. Үүнийг буулгах ёстой гэдэг шаардлага тавигддаг. Үүнийг дагаад хадгаламжийн хүү буурна гэдгийг эдийн засагчид хэлдэг. Манайд банкны зээлийн хүүг бууруулах боломж бий юу?

-Монголын банкууд нэлээд эртнээс өндөр хүү зээлдэгч нарт муугаар нөлөөлж байна гэж ярьж ирсэн. Өөрөөр хэлбэл банкны Гүйцэтгэх захирлууд зээлийн хүүг бууруулах нь зөв гэдэгт санал нэгддэг. Гагцхүү энэ талаар хоорондоо ярьж, эдийн засгийн эрдэмтэдтэй зөвшилцдөг болохоос олон нийтэд хэлж, таниулсан нь харьцангуй бага байж магадгүй. Тэгэхээр Банкны холбооны Ерөнхийлөгчийн хувиар олон нийтийн санхүүгийн боловсролд ихээхэн анхаарч, тодорхой ажил хийхээр төлөвлөж байгаа. Монголбанк, Сангийн яам, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллана.

-Банкууд ч мөн адил зээлийн хүүг бууруулах сонирхолтой байдаг гэж ойлголоо. Гэхдээ иргэдийн хувьд банк өндөр хүүгээс өндөр ашиг олдог гэж боддог…

-Зээлийн хүү өндөр байснаар банкууд их ашигтай ажилладаг гэсэн ойлголт олон нийтэд тарчихсан нь үнэн. Гэтэл бодит байдал дээрээ эсрэгээрээ. Таван хувийн хүүтэй зээл авсан хүн, 20 хувийн хүүтэй зээл авсан хүний хэн нь зээлээ эргүүлэн төлөх чадвартай байх вэ. Өндөр хүүтэй зээл авсан хүн буцаан төлөхөд хүндрэл гарч, эрсдэл үүсэх магадлалтай байх нь ойлгомжтой. Зээл муудна гэдэг нь банкинд хохиролтой. Банкны ашиг бол зээлийн өндөр хүүнээс биш, харин зээлийн хүү болон хадгаламжийн хүүгийн зөрүү буюу маржингаар тооцогддог юм. Хадгаламжийн хүү 15 хувь, зээлийн хүү 18 байлаа гэхэд энэ зөрүү дээр ашиг олно гэсэн үг. 2017 онд Монголын банкны маржингийг АНУ-ын банкныхнтай би харьцуулж судалж байсан. Ингэхэд хоёул адилхан гурван хувьтай байна гэсэн дүгнэлт гарсан. Монголын болон АНУ-ын банкууд адилхан гурван хувийн ашигтай ажилладаг гэсэн үг. Гэхдээ АНУ 2000 гаруй банктай, маш ширүүн өрсөлддөг. Үүнтэй харьцуулахад Монголын банкны өрсөлдөөн харьцангуй эрүүл байна гэсэн дүгнэлтийг би хувьдаа хийсэн. Банкны холбооны урдаа барих, ирэх жилүүдэд хийх гол ажил бол зээлийн хүүг зохистой арга хэрэгслээр бууруулах байх юм.

-Зохистой арга хэрэгслээр гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ. Их хурлын гишүүд зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоох ёстой гэсэн байр суурь ч гараад байгаа. Энэ хэр боломжтой вэ?

-Сүүлийн үед нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, макро эдийн засгийн хуулиудын эсрэг байдлаар зээлийн хүүг бууруулах тухай яриа их газар авч байна. Монгол, Орос зэрэг улсууд 70 жил социалист, коммунист нийгэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай явж ирсэн. Энэ нь өөрөө макро эдийн засгийн хууль, чөлөөт зах зээлийн зарчимтай зөрчилддөг, буруу зүйл гэдгийг 70 жилийн дараа ойлгож, эдийн засгийн тогтолцоо нь нуран унасан. Хэдийгээр Орос улс цэргийн хүчээр дэлхийд дээгүүр жагсах боловч эдийн засаг, баялаг, ард түмний баян чинээлэг хэмжээгээр тааруухан үзүүлэлттэй яваа. Монгол Улс ч эдийн засгийн бүх үзүүлэлтээрээ 100-гаас хойш жагсдаг. Яагаад гэвэл бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж амьдралд хэрэгжих боломжгүй нийгмийг 70 жил байгуулах гэж оролдсон учраас дөнгөж 1990 оноос хөрөнгийн бирж, хувийн банкны тогтолцоотой болсон. Бид хоцорчихоод байгаа юм. Гэтэл анхнаасаа чөлөөт зах зээл, ардчилсан нийгмийн зарчмаар явсан Англи, АНУ, Швейцарь зэрэг орнууд ямар түвшинд хөгжил нь хүрснийг бид харж байна. 1960 онд чөлөөт зах зээлийн тогтолцоог сонгосон Өмнөд Солонгос, Сингапур ч яаж хөгжиж байгааг бид харж байгаа.

Юу хэлэх гээд байна гэвэл, зээлийн хүүг бууруулах боломжтой. Улстөрчид, даатгал, бизнесмен, брокер, макро эдийн засгийн эрдэмтэд, банкууд хамтарч бууруулах ёстой. Гэхдээ чөлөөт зах зээлийн зарчмаар, макро эдийн засгийн хуулийн дагуу бууруулах бүрэн боломжтой. Гэтэл энэ аргыг сонгохын оронд 1960, 1970 он шиг хүчээр хийх гэж оролдох юм бол энэ нь эргээд бидэнд маш том хохирол учруулна.

-Та зээлийн хүүг бууруулах Үндэсний стратегийг та боловсруулсан гэж байсан. Гол зарчим нь юу вэ?

-Энэ стратегид 2020 онд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахаар тусгасан. Гэтэл өнөөдөр бид огт буруу газраас юм хайгаад байна. УИХ дээр энэ асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Макро эдийн засгийн хуулийн дагуу зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой. Үүнийг хэрэгжүүлэх аргачлалыг Зээлийн хүүг бууруулах Үндэсний стратегид тусгасан. Төгрөгийн ханш дандаа сулардаг учраас төгрөгийн хүүг зориуд өндөр тавихаас өөр аргагүй гэдгийг нь оношилсон. Чөлөөт зах зээлийн зарчмаа баримтлахад толгой өвтгөсөн, эдийн засгийн ном унших, сахилга бат, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаа шаардсан ажил болно. Гэхдээ энэ бүгдээс зайлсхийж, амар хялбар аргаар шийдэхийг оролдоод байгаа нь буруу. Өнгөрсөн 27 жил гаргасан бидний гол алдаа бол энэ. Ардчилал, чөлөөт зах зээлийн ололт амжилт, оюун ухааныг ашиглахын оронд социалист, коммунист аргаараа хүчээр шийдэж, товчлох гэсэн аргыг сонгож, төрөөс хуваарилалт хийж, бэлэн мөнгө тараадаг байдлаар явж ирсэн учраас монголчууд эдийн засгийн үзүүлэлтээрээ 100-аас хойш дугаарт бичигдсээр байна. Одоо бид сургамж авч, макро эдийн засгийн хуулийн дагуу эдийн засгаа удирдаж, толгойгоо дайчлах хэрэгтэй. Гараа хөдөлгөхгүй, хөлсөө гаргахгүйгээр, эцэж цуцахгүйгээр хөгжилд хүрсэн улс орон гэж байхгүй. Эдийн засгийн зузаан ном уншихаас битгий залхуур л гэж хэлмээр байна. Бизнесийг тодорхойгүй, тогтворгүй, эрсдэлтэй болгоод байгаа бүх зүйлээ арилгах ёстой. Авлигыг устгахгүй бол зээлийн хүү буурахгүй. Яагаад гэвэл авлига өртөгт нь шингээд, бизнесийг дампууруулах хүчин зүйл болж байна. Өнөөдөр улстөрчид 28 жил хийгээгүй зүйлээ хийх ёстой.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж маш их ярьсан. Үр дүн гараагүй. Даатгалын талаар ч гэсэн иргэд ам муутай л байх юм…

-Эдийн засгийг санхүүгийн гурван багана тулж байх ёстой. Банк, даатгал, хөрөнгийн зах эдийн засгийг жигд 30, 30 хувиар тулж байхад ачаалал жигд хуваарилагддаг. Гэтэл Монголд банкны салбар ганцаар 95 хувийн ачааллыг үүрч, нөгөө хоёр нь хөгжиж чадаагүй ирсэн. Эдийн засгийн энэ ачааллыг үүрч байгаа салбараа мөнгө хүүлэгч дээрэмчид мэтээр ярих нь үнэхээр бүдүүлэг. Үүний оронд даатгал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх юм бол банкны салбарын нуруун дээрх ачаа хөнгөрч, зээлийн хүү буурах үндэс суурь болно. Энэ хоёр салбарыг хөгжүүлэх боломж өнгөрсөн 28 жилийн турш байсан. Ганцхан сэтгэл дутсан. Бид хамтраад энэ хоёр салбарыг олон улсын макро эдийн засгийн стандартаар нь хөгжүүлэх ёстой. Бид энд шинэ зүйл зохиогоод, зээлийн хүүг хүчээр тогтоох хэрэггүй.

-Төв банкны танилцуулгыг сонсож байхад арилжааны банкуудаас олгосон нийт зээлийн 8.8 хувь нь чанаргүй ангилалд байна, үүний 20 хувь нь уул уурхайн салбарт олгосон зээл гэж байсан. Чанаргүй зээлийн хэмжээ ямар түвшинд хүрвэл банкны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх вэ?

-Чанаргүй зээлийн хэмжээ 20-25 хувь хүртэл өсөх эрсдэл 2016 онд харагдаж байсан юм. Секторын хэмжээнд 20 хувиас дээш гарвал байдал эвгүйцэх нь гэж бодож байсан. Өнөөдөр 10 хувиас дотогш орж буурлаа. Цаашдаа ч буурна. 2012 оноос хойш эдийн засгийн уналттай байсан тэр үед ингэж сайн дааж чадсан нь бизнесмэнүүд, иргэд зээлээ сайн төлсөнтэй л холбоотой. Бид тийм сахилга баттай байсан учраас эдийн засаг сэргэж байгаа юм. Үүнээс гадна уул уурхайн зээл гэдэгт зөвхөн техник, тоног төхөөрөмж биш. Тэнд ажиллаж байгаа мянга мянган ажилчдын цалингийн зээл, лизинг ч орно. Бид уул уурхайн орон гэгддэг байж энэ салбартаа зээл олгож болохгүй гэж ярих нь зохимжгүй. Энэ салбарт зээл өгөхөөс өөр аргагүй. Нүүрсний салбар уналтад орж, олон компани зогсонги байдалд орсон үед бид ажилчдад нь цалингийн зээл өгчихсөн л байсан. Тэгэхээр улс орны эдийн засгийг том тавцанд харж, олон улсын зөвлөх байгууллагуудын зөвлөгөөг учир начиртай хүлээн авч байх нь зөв.

-Гадны банк Монголд орж ирэхийг хамгийн их эсэргүүцдэг нь Банкуудын холбоо гэж зарим эдийн засагчид, улстөрчид тайлбарладаг. Та Банкны холбооны Ерөнхийлөгчийн хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Би мэргэжлийн хүний хувьд гадаадын банк орж ирэхийг хоёр гараа өргөөд дэмжинэ. Монголын банкууд гадаадын өрсөлдөөн орж ирнэ гэсэн утгаар нь эсэргүүцсэн зүйл байхгүй гэж ойлгож байна. Харин үндэсний аюулгүй байдлын түвшинд энэ асуудлыг анхаарч үзэх ёстой гэдэг асуудлыг тавьж ирсэн. Өнөөдөр ч гэсэн холбооны нийт гишүүд, Удирдах зөвлөл надтай санал нэг байгаа. Гадаадын банк оруулж ирэхийг эсэргүүцэхгүй ч үндэсний эрх ашгийн хувьд, аюулгүй байдлын хувьд яаж авч үзэх вэ гэдэгт болгоомжтой хандах ёстой. Тодорхой зохицуулалтуудыг хийх ёстой. Ер нь бол Монголд гадаадын банк бий. Жишээлбэл, банкны системийн 90 хувийг бүрдүүлдэг топ таван банкны хоёр нь гадаадын хөрөнгө оруулалттай. 51-ээс дээш буюу дийлэнх хувийг нь гадаадууд бүрдүүлдэг. Ийм банк байж л байгаа.

-БНХАУ-ын томоохон банкны салбар нээх зөвшөөрлийг Монголбанк өгсөн байгаа. Салбар нээх, банк байгуулахын ялгаа нь юу юм?

-Гадаадын банкны салбар орж ирээд, Монголын банкны сектор өрсөлдөөнийг нь дийлэхгүй уналаа гэж бодъё. Тэгвэл ирээдүйд Монголын эдийн засгийн хамгийн гол салбар болох банкийг хэн удирдах вэ гэдэг асуудал яригдана. Банкны аливаа шийдвэрийг тухайн банкны төв оффис буюу Гүйцэтгэх захирал гаргадаг. Тэгэхээр энэ ялгаатай. Монголд гадаадын банк салбараа нээх, Монголд Улсад бүртгэлтэй банк байгуулах гэсэн хоёр асуудлын ялгааг өмнө нь хүмүүс огт ярьж байсангүй. Үүнийг өнөөдөр ярьж, тодорхой мэдээлэл өгмөөр байна. Монгол Улсын банкны үйлчилгээний дийлэнх хэсгийг Монголд төв оффистой, Гүйцэтгэх захирал нь суудаг банкууд үзүүлэх ёстой. Түүнээс аль нэг банкны салбар оффис үйлчилгээ үзүүлбэл юу болох вэ. Ганцхан жишээ хэлэхэд, орон нутагт салбартай банкны захирал тэр орон нутгийн сайн сайханд нөлөөлөх шийдвэр гаргаж чадах уу, эсвэл зөвхөн төвөөс өгсөн банкны бодлогыг хэрэгжүүлэх үү. Ийм ялгаа гардаг. Өнөөдөр Монгол Улсын хувьд улс төр, стратеги, геополитикийн түвшинд шийдвэр гаргах гэж байгаа бол “Монголын банкны системд гадаадын банкууд байгаа, нэмж орж ирж болно. Гэхдээ энэ салбарын дийлэнх хувийг Монголд “толгой” төв оффистой, Гүйцэтгэх захиралтай банкууд бүрдүүлэх ёстой” гэсэн шалгуур тавих нь зүйтэй. Энэ миний мэргэжлийн хүний байр суурь. Түүнээс Лондонд эсвэл Хонконгд төв оффистой, дэлхийн 100 гаруй оронд ажилладаг, монголд нэг их сонирхолтой биш, зүгээр нэг жижигхэн салбар байгуулаад, шийдвэр гаргах эрх мэдэлгүй захирал тавьчихсан ийм банкууд манай секторын 75 хувийг эзэлж, үйлчилгээ үзүүлбэл юу болох вэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *