Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий тав дахь өдөр Монгол Улс шинэхэн дэлхийн аваргатай боллоо.
АНУ-ын Лодердейл хотноо өчигдөр /10.25/ залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүнд жин буюу эрэгтэйчүүдийн 100, +100 кг-ийн жингийн, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ийн жингийн аваргын төлөө барилдаанууд болсон юм.
Манай улсын жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчин Ө.Дүүрэнбаяр эхний барилдаанаа Эстонийн тамирчин Сильдвийр Хенричтэй хийж, дэлхийн аваргын барилдааныхаа салхийг хагалсан юм. Тэрээр өрсөлдөгчөө 02:09 секундэд цэвэр ялснаар дараачийн шатандаа Египетийн жүдоч Селим Халидтай барилдахаар учраа таарсан юм. Энэ барилдаанд тэрээр өрсөлдөгчөө юко үнэлгээгээр ялж, хэсгийн аваргын төлөө БНСу-ын жүдоч Чой Мин Янгийг иппон үнэлгээгээр ялсан. Улмаар хагас шигшээд Украйны тамирчин Кхаммен Лакивыг юко үнэлгээгээр дийлж, аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Шигшээ барилдаанд тэрээр Гүржийн жүдоч Кибордзалидзе Гугаг 02:14 секундэд цэвэр ялснаар ийнхүү ДАШТ-ний 5 дахь өдөр аваргын алтан медалийг эх орондоо авчирч, жүдо бөх сонирхогчдыг баярлууллаа.
Ө.Дүүрэнбаяр одоогоос сарын өмнө БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн 17-р наадамд мөн энэ жиндээ оролцож, мөнгөн медаль хүртэж байсан юм. Залуучуудын дэлхийн аварга болсноор түүний дэлхийн жүдо бөхийн чансаа хэдэн шатлалаар өсөх нь тодорхой болж байна.
Ийнхүү Монголын жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсайхан, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат нараар ахлуулсан жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн 17 тамирчин энэ удаагийн ДАШТ-нд амжилт арвинтай оролцлоо.
Манай улсын баг тамирчид нийтдээ 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль, шагналт 5-р байрт Г. Наранцэцэг шалгарсан амжилтаараа хүртсэн медаль, гаргасан амжилтаараа дэлхийн 80 улсаас эхний 4-рт бичигдэж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 55 кг-ийн жингийн Б.Амартүвшин, Г.Баттулга нар хүрэл медаль хүртэж медалийн салхийг анхлан хагалсан юм. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд зодоглосон Ц.Цогтбаатар мөнгөн медаль, эмэгтэй жүдочдоос 44 кг-ийн жингийн Г. Наранцэцэг, шагналт 5-р байрт шалгарсан юм.
Дэлхийн 80 улсын 563 жүдоч аваргын төлөө хурд хүч, авхаажл самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн энэ удаагийн ДАШТ-нд Аргентин, Хятад, тэмцээнийг зохион байгуулагч АНУ, Итали, Австри зэрэг улсын тамирчид амжилт муутайхан оролцож, нэг ч медальгүй хоцорлоо. Харин 7 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаараа Япон улс 1-рт, 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн Францын тамирчид 2-рт, 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн ОХУ-ын тамирчид 3-рт бичигдэж байна.