Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Твиттер, фэйсбүүк, вэб сайт, TV, сошиал мэдээллийн ачаар цаасан хэвлэл өндийж эхэллээ

Одоо бол сошиал мэдээллийн эринд амьдарч байна. Өнөөдрийн мэдээллийн урсгал бол хаалт нь сэтэрсэн үерийн ус шиг сад тавьж, зах замбараагаа алдсан. Энэ эх захгүй мэдээлэл дотор хүн төрөлхтөн мэдээллийн төөрөгдөл гэдэгт орчихлоо. Ийм төөрөгдөлд орохоороо мэдээллийн аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхээ байдаг. Ганцхан Монголд болж буй үйл явц биш юм. Хүн төрөлхтний 70 хувь нь ийм болчихлоо гэсэн ОУ-ын байгууллагын судалгаа бий. Нэг зүйлийг нэг нь хар, нөгөө нь цагаан гэж хэлээд, түүнийгээ яах аргагүй хоёр талаас нь батлаад, мэдээлээд байхаар мэдээллийн хоосон орон зай буюу хаос үүсдэг. Маш олон улс орны нийгэмд ийм хаос үүсчихлээ. Нэг үгээр бол ямар ч мэдээлэлд итгэхээ байчихсан гэсэн үг. Үнэн байсан ч худлаа, худлаа байсан ч худлаа. Ийм мэдээллийн хямрал энэ дэлхийд бий болчихлоо.

Үүнээс гарах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зарим улс орнууд авч эхэлсний ойрын жишээ бол ОХУ юм. Тус улсын хууль, шүүхийн байгууллагууд сошиал дахь мэдээллийн сувгууд дээр гарсан мэдээ, материал, нийтлэлүүдийг албан ёсны эх сурвалж, баримт нотолгоо гэж үзэхгүй гэдгээ мэдэгдлээ. Иргэн, хуулийн этгээд нь хууль, шүүхийн байгууллагад хандахдаа зөвхөн цаасан хэвлэл, сонин сэтгүүлд гарсныг баримт, хэрэг үүсгэх нотолгоо болгоно гэдгийг албан ёсоор мэдэгджээ. Ингээд цахим хэвлэлүүдтэй харьцахгүй гэдгээ мэдэгдсэнийг манайхан сонсож мэдсэн байх. Үүгээр ч зогсохгүй барууны хөрөнгө оруулалттай, Америк зэрэг улс орны санхүүгийн дэмжлэгтэй вэб сайт, TV-үүдийг албан ёсоор хааж эхлээд дөрвөн сар орчим болж байна. Ганц ОХУ-д ийм юм болж байгаа юм биш, манайтай ойролцоо хөгжилтэй Непал зэрэг улсад мөн л сошиал дахь мэдээллийн бүх сувгуудыг хуулийн өмнө албан ёсоор хариуцлага хүлээх чадваргүй, зөвхөн сонин сэтгүүл, цаасан хэвлэл л Шүүхийн өмнө баримт болно гэдгийг албан ёсоор зарлалаа. Энэ хандлага Европ тив рүү хүрээгээ тэлж байна. Манайхан хэл ус сайтай болсон нь уншиж мэдэж л байгаа байх.

Дэлхийн мэдээллийн урсгалын чиг хандлага, үнэлэмж ингэж өөрчлөгдөж байна. Хамгийн сайн цахимжсан улс орны нэг болох Хонконгт өдөр тутмын тав дахь сонин өнгөрсөн жил шинээр мэндэлж, Япон, Солонгос… зэрэг Азийн өндөр хөгжилтэй орны иргэдийн өдөр тутмын амьдралынх нь салшгүй нэг хэсэг сонин хэвлэл байсаар байгаагийн цаад утга учир юу вэ. Бид анзаарч мэдрэх л ёстой. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятад улс албан ёсны бүх мэдээлэл, байр сууриа зөвхөн цаасан хэвлэлээр нийгэмдээ эхэлж хүргэж байна. Сонин хэвлэлээс телевиз болон цахим хэвлэлүүд нь эх сурвалжаа авдаг. Эндээс харахад эдгээр улс орны олон сая иргэд цахим мэдээллийг цагийн зугаа, TV-ийн шоу нэвтрүүлгүүдэд хөнгөн зуушны төдий байр сууринаас хандаж эхэллээ.

Үүнээс зайлсхийхийн тулд дэлхийн нэр хүндтэй цахим мэдээллийн хэрэгслүүд баталгаатай мэдээллийн эрэлд хатаж, томоохон сонин сэтгүүлүүдтэй хамтарч ажиллахыг эрмэлзэх болов. Тэд тухайн улс орныхоо томоохон сонин хэвлэлүүд болох “Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, Японы “Аsahi Shimbun”, Хятадын “China Daily”, Английн “Daily Mail”, “The Times”, Францын “Le Monde” гэхчлэн олон сониныг албан ёсны эх сурвалж болгодог болжээ. Үүгээр ч зогсохгүй фэйсбүүк хүртэл тухайн орны хамгийн баталгаатай эх сурвалжаас мэдээллээ цуглуулахыг мэдэгдэж, youtube ч гэсэн баталгаагүй мэдээллийг авахаа больж, сошиал дахь хуурамч мэдээллийг таньдаг шинжлэх ухааны дэвшил нэвтэрч эхэллээ. Худал мэдээллийг хянах программчлалыг ашиглах боллоо. Эдгээр дотор яагаад телевизийг оруулж байна гэхээр тэд буурь суурьтай, нийгэмд нөлөөлөх хэмжээний контент үйлдвэрлэж чадахаа больж, оронд нь үзэгчдээ алдахаас айсандаа элдэв шоу нэвтрүүлэг, интертаймент тал руугаа түлхүү яваад өгсөнийг мөнөөх л ОУ-ын байгууллагуудын судалгаанаас харж болно.

Энэ бүгдийн буянаар дэлхийд цаасан хэвлэлийн үнэ цэнэ, нэр хүнд өсөж, нийгмийн хандлага эрс өөрчлөгдөж, сонин дээрээс л зөвхөн үнэнийг мэднэ гэх үзэл санаа газар авч эхлэв. Мэргэжлийн хүрээндээ “Сэтгүүл зүй гэж өдөр тутмын сонины редакцийг хэлнэ. Мэргэжлийн сэтгүүлч гэж өдөр тутмын сонины гал тогоонд буцалж үзсэн хүнийг хэлнэ” гэсэн нэр томьёо хүртэл гарч байна.

Дэлхийн энэ хандлага Монгол Улсад ч ялгаагүй мэдрэгдэж эхэллээ. Монголын нийгэмд цаасан хэвлэлүүд буюу буурь суурьтай гол хэдэн сонинд итгэх итгэл сэргэж байна. Наад захын нэг жишээ хэлье. Отгонтэнгэр хайрханд 17 уулчин осолдлоо гэх мэдээлэл сошиалд битүү явсан. Ийм олноороо, нэг дор яаж байх юм бэ… худлаа байхаа гэсэн эргэлзээ бас битүү байсан. Ийм л эргэлзээн дунд үнэн худлыг ялгахаа больсон. Харин “Өдрийн сонин”-ы сэтгүүлчдийн баг газар дээрээс нь, цаг алдалгүй сурвалжлагаа хүргэж эхлэхэд нийгэм сая итгэж “Өдрийн сонин”-д гарчихаж үнэн байжээ” хэмээн сонины редакци руу шуурч, монгол даяар шуугьж эхэлсэн билээ. Мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн редакци гэж үүнийг хэлнэ. Ийм л мэргэжлийн редакцид хүмүүсийн итгэх итгэл сэргэж, үүнийгээ дагаад нийгмийн сэтгэл зүй цаасан хэвлэл, сонин руу хошуурч байна. Тэд үүнийгээ юу гэж тайлбарлаж байна гэхээр “Цахим хэвлэлд итгэж үнэмших арга алга, тавьсан мэдээллээрээ яаж ч хуурч болдог, яаж ч өөрчлөн сольж болдог, баримт, зураг, дүрс бичлэг, үг үсэг, утга санаа… бүгдийг минут секунд тутам өөрчилж, дуурайлгаж, сольж болдогоороо аймшигтай байна” гэж. Үнэн л дээ, дэлхийн улс оронд цахим мэдээллийн ийм хуурамч аюул занал нүүрлэчихээд байхад монголынхоо цахим мэдээлэлд яаж итгэх билээ. Монголд бүр цахим хэвлэл илүү замбараагүй болж, хуурамч мэдээллийн цунами үүслээ хэмээн иргэд ярьж байна. Монголчуудын цахим сүлжээнд, цахим мэдээллийн сувгуудад итгэх итгэл нэгэнт алдарсан нь эргээд цаасан хэвлэл, сонинд итгэх итгэлийг сэргээж, “Өдрийн сонин”-д л эхлээд гаргачихмаар байна, хүмүүс итгэнэ, түүний дараа сайтуудад өгье, сошиалд тавья гэх болжээ. Нийгмийн энэ хандлага заримдаа бидэнд эрсдэл авчрах гэдэг. Гэвч бид мэргэжлийн ёс зүй, зарчмаараа заавал хоёр талын эх сурвалжийг авдаг нь “Өдрийн сонин”-д итгэх нэг үзүүлэлт болдог юм.

Ийм эх захаа алдсан мэдээллийн аян дайнд дэлхий ертөнц живж байна. Тийм болохоор зарим улс орны боловсролын сургалтын программд “Мэдээлэл гэж юу вэ?”, “Ямар мэдээлэл үнэн байдаг вэ?” “Сонин-Сошиал хоёрын ялгаа ба сонины мэдээлэл яагаад үнэн бодитой байдаг вэ?” гэсэн тусгай сэдэвчилсэн хөтөлбөр, хичээл ордог болжээ. Тэгэхээр үнэн бодит мэдээлэл гэдэг, түүнд итгэх итгэл үнэмшил гэдэг улс орны хувь заяанд ямар чухал болохыг эндээс харж болно. Сонин гэдэг нь үнэн бодитой мэдээлэл нийгэмд түгээнэ гэж төрөөс лиценз авсан албан ёсны газар. Дээр нь мэргэжлийн редакци бүхий толгой байгууллагатай, мэргэжлийн сэтгүүлчидтэй, гаргасан мэдээлэлдээ хуулийн өмнө хариуцлага хүлээнэ хэмээн тодорхой нэр хаягаа тавьдаг тийм л байгууллага. Ийм л мэргэжлийн байгууллагад ард түмэн итгэхээс өөр аргагүй болж байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *