Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг гүйцэтгэх компанийг энэ сард сонгон шалгаруулна

Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүйжүүлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Ажлын үр дүнтэй өнөөдөр холбогдох албаныхан танилцсан байна.

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажлыг Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хариуцаж байгаа. Хятадын Экзим банкнаас 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон. Бүтээн байгуулалтын ажил удахгүй эхлэх юм байна.

Мэргэжлийн хяналтын газраас Төв цэвэрлэх байгууламжийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг өлөн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийсэн байна. Шалгалтын дараа 3 сарын хугацаанд багтаан үнэргүйжүүлэх, техник технологио сайжруулах шаардлага хүргүүлжээ. Мөн энэ үеэр өлөн боловсруулах хоёр үйлдвэрийн үйл ажиллагааг наймдугаар сар хүртэл хаах шийдвэр гаргасан юм. Учир нь Төв цэвэрлэх байгууламжийн үнэр харьцангуй багассан ч өлөн боловсруулах үйлдвэрийн үнэр арилахгүй байгаа юм. Иргэдийн хувьд өлөн боловсруулах үйлдвэрийн үнэрийг Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа гэж ойлгодог байна.

Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийн хувьд харьцангуй багассан гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Харин лагийг халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд зориулж 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж байршуулан ашиглаж байна.

Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байна. Эдгээр нь энэ оны долдугаар сард ашиглалтад орох юм. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туулд голд нийлүүлэгдэх усны чанар сайжрах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *