Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв талбайд тайван жагсаал боллоо

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Засгийн газар гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ийнхүү иргэд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж буйгаа жагсаалд оролцогчид тайлбарлаж байсан юм.

Үйлдвэрчний эвлэлийн гаргасан судалгаагаар иргэдийн орлого нэмэгдээгүй байхад өдөр тутмын хүнсний хэрэглээ гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ 13-69 хувиар өсчээ. 2013 онтой харьцуулахад цахилгааны үнийг оруулахгүйгээр тооцоход нийслэлд нэг өрөө байрны сарын төлбөр 55.8 хувиар, хоёр өрөө байрны төлбөр 56.4 хувиар, гурван өрөө байрны зардал 86.1 хувиар тус тус нэмэгдсэн тооцоо гарсан байна. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутны төлбөр 2015-2016 оны хичээлийн жилд дунджаар 25 хувиар өсчээ.

Өнөөдрийн жагсаалд оролцож буй иргэдийн төлөөлөл “Ард түмний чинь амьдрал өдрөөс өдөрт дордож буйг ойлгооч”, “Тэд биднийг нэгэнт сонсохоо больсон тул маргаашнаас ажил хаялт зохион байгуулъя”, “Цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоо” зэрэг үгсийг эрх мэдлийг атган суугчдад дайж байсан юм.

Жагсаалд оролцогчдоос УИХ-д мэдэгдэл, Засгийн газарт шаардлага хүргүүлэв.

Мэдэгдэлд:

1. Эдийн засгийн хямралын нөхцөлд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг хадгалах хамгаалах, улмаар нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, зах зээл дээрх ажил үйлчилгээний үнийн өсөлтийг хязгаарлах, дотоодын зах зээл дээрх бензин шатахууны үнийг дэлхийн үнэ ханштай уялдуулан бууруулж, үнийг тогтвортой байлгах, иргэд хөдөлмөрчдийн амьжиргаа нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, нийгмийн түншүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч, хяналт тавьж ажиллах;

2. Дотоодын үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг эдийн засгийн зохих хөшүүргүүдээр дэмжиж үйлдвэрлэлийг тогтворжуулж нийт эрэлтийг сэргээх бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн уналт, ажилгүйдэл, иргэдийн орлогын хомсдолыг арилгах бодлого чиглэлээр Засгийн газрыг хангаж ажиллах;

3. 2015 оны төсөвт тодотгол хийх, 2016 оны улсын төсвийг батлахдаа нэн тэргүүнд төрийн үрэлгэн зардлыг бууруулах бодлого баримталж, чөлөөлөгдсөн боломжит эх үүсвэрийг нийгмийн эмзэг хэсгийн нийгмийн хамгааллыг сайжруулах, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын холбогдолтой зардлыг нэмэгдүүлэх, дутуу олгогдсон санхүүжилтыг бүрэн тусгах;

4. Монгол банкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага тооцох;

5. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;

6. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг асуудлууд туссан ба мэдэгдлийн хариуг 2015 оны 10 сарын 15-ны дотор авна гэжээ.

Шаардлагад:

1. Эдийн засгийн хямралыг нийгэмд хохирол багатай даван туулах асуудлаар нийгмийн зөвшлийн талуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, хамтарсан төлөвлөгөө гарган ажиллах;

2. Иргэдийн цалин орлого, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадварыг хамгаалах, сэргээх арга хэмжээг яаралтай авах, үүний тулд гурван талт хэлэлцээрийн “Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх” тухай 3.2 дахь заалт, хэлэлцээрийн 3.4 дэх заалтын дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гаргасан төрийн албан хаагчдын цалинг 5 дугаар сарын 01-ээс үе шаттай ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх тухай шийдвэрийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор тус тус хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4 дэх заалтыг хэрэгжүүлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор ойрын хугацаанд хэлэлцүүлж шийдвэрлэх;

4. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх болон үнэ бүрдэлтийн тухай хуулийн төслийг нийгмийн зөвшлийн талуудтай хамтран боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэх;

5. Иргэд хэрэглэгчдийн зарлагыг бууруулах үүднээс дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралтыг харгалзан дотоодын түлш шатахуун, бензиний үнийг бууруулах арга хэмжээг авах;

6. 2016 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа үйлдвэржилтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх хадгалах бодлогын асуудалд онцгойлон анхаарч төрийн үрэлгэн зардлыг бууруулан улмаар чөлөөлөгдсөн хөрөнгийн эх үүсвэрийг цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд тусгах чиглэл баримтлах, эдгээр асуудлаар гурван талт нэмэлт хэлэлцээр байгуулах;

7. Засгийн газарт өөрчлөлт орох бүрт хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийг зөрчиж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдлага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харъяалалаар нь үндэслэлгүй халж сольж төрийн байгууллагуудын залгамж, тогтвортой үйл ажиллагааг алдагдуулж байгаа явдлыг таслан зогсоох асуудлыг тус тус шаардаж байна.

Хэрэв Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд холбогдох үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх хүртэл тэмцлийн хэлбэрт шилжихийг албан ёсоор мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *