Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв халхын уртын дуу эртний хийд Эрдэнэзууг хөглөв DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Төв халхын уртын дууны сайхан нь шуранхайдаа оршдог гэх нь бий. “Хангайн уртын дуу говийнхоос өөр. Хангайн хүн өндөр газар гарч байж уудам орон зайг эзэгнэдэг. Яг тэрэнтэйгээ адилхан хамгийн өндөр аялгуут хэсэг нь дууныхаа эхэнд таарна. Харин говийн уртын дуу бол намуухан явна. Говийн уудам тал тэр тал дээр байгаа жижигхэн манхан, уул толгод шиг ерөнхийдөө өндөр хадаахгүй гэсэн үг… Уртын дуу бол газар зүйн байршилтай маш их холбоотой” гэж нэгэн судлаач онцолсон байдаг. Төв халхын уртын дууны нутаг нь Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган аймаг гэдэг. Энэ жил Өвөрхангай аймагт Төв халхын уртын дууны анхдугаар наадам боллоо. Тодруулж хэлбэл Хархорин сумын нутагт түүх өгүүлэн сүндэрлэх Эрдэнэзуу хийд дээр төв халхын уртын дуучид хоолойны чадлаараа уралдаж хуучны хийдийг уртын дууны шуранхайгаар хөглөсөн юм. Эрдэнэ зуу хийд дээр зохион байгуулсан нь цаанаа учиртай аж. Уртын дуу бол биет бус өв, сүм хийд бол биет өв. Айзам, бэсрэг уртын дууны язгуурыг Төв халхын уртын дуу хэмээдэг. Эрдэнэзуу гэхэд л хэдэн зууны түүхтэй биет соёлын өв язгуураараа оршин буй хуучны хийд. Байгаагаараа оршин байгаа цөөхөн хийдийн нэг. Энэ хоёрын хослолыг харуулах зорилгоор задгай талыг биш Эрдэнэзууг сонгожээ.

Төв халхын уртын дууны наадмын нээлт гэхэд л цаг хэртэй үргэлжилсэн. Бөртэ Чоно, Гоо маралтайгаа тэнгэрээс буун ирж буй агшин гадны жуулчдын сонирхлыг ихэд татсан бололтой, өөр зуураа гайхан шагших нь дуулдав. Бөртэ чонын улих дууныг залган шуранхай хадах нь нээлтийн оргил үеийн нэг байж чадсан. Уртын дуу чонын улилтаас үүссэн гэх домгийн бэлгэдэл гэж зохион байгуулагчид нь хожим тайлбарласан юм. Шуранхай хадах агшинд Буддын шашныг Монголд гурав дахь удаагаа дэлгэрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Өндөр гэгээн Занабазарын өвөө Автай сайн хаан морилон ирж эзэн Чингэсийн үеийн төрийн их дуун “Эртний сайхан”-ыг эгшиглүүлэхийг зарлигдав. Цамын бүжиг, Автай сайн хааны баатруудын бүжиг ч сүрлэг сайхан болсон. Үг, үйлдэл бүр нь түүх өгүүлж, бэлгэдэл агуулсан Төв халхын уртын дууны анхдугаар наадмын нээлтийг үзсэн хүн бүр гүн сэтгэгдэлтэй байгаа нь илт.

Энэ сарын 21-нд болсон Төв халхын уртын дууны анхдугаар наадам жил бүр зохион байгуулагдах юм билээ. Наадамд орон нутгаас болон салбарын байгууллагаас нэлээд анхаарал тавьсан нь оролцогчдоос нь тодорхой байв. Төв халхын уртын дууны анхдугаар наадмын нээлтийн ажиллагаанд гэхэд ССАЖЯ-ны Соёлын биет бус өвийн хэлтсийн дарга н.Жаргалсайхан, Францын Элчин сайд Ив Дэлунэ, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг даргын дэргэдэх ССАЖГ-ын дарга Д.Түмэнжаргал, Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Лхагвабуд, Засаг дарга Л.Энхбат, Эрдэнэзуу музейн дарга Н.Төмөрбаатар нар иржээ. Наадмыг зохион байгуулагчид нь ССАЖЯ,Өвөрхангай аймгийн ЗДТГ, Эрдэнэ-Зуу музей.

Тэд Төв халхын уртын дууны анхдугаар наадмыг зохион байгуулах болсон шалтгаанаа “Морин хуур, уртын дуу үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа наадам. Монголын ард түмний хэдэн зуунаар дуулагдан хойч үед өвлөгдөн үлдсэн биет бус өв болох уртын дуу, түүний дотор төв халхын уртын дууны аялгуу, хөг, дэгийн уламжлалыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх нь бидний гол зорилго. Мэдээж Монгол уртын дууны гайхамшгийг гадаадын жуулчдад сурталчлах том зорилго ч бий” гэж байлаа.

Төв халхын уртын дууны анхдугаар наадамд Өвөрхангай, Архангай, Орхон, Булган аймгуудаас 16 уртын дууч оролцсон юм. Наадам 18-35, 36-55, 56-аас дээш гэсэн гурван насны ангиллаар хоёр үе шаттай явагдлаа. Дуучид эхний шатанд мартагдсан буюу нутгийн онцлогийг харуулсан нэг дуу, өөрийн урын сангаас нэг дууг сонгон дуулж өрсөлдсөн бол хоёрдугаар шатны шалгаруулалтад айзам уртын дуу дуулж өрсөлдөв.

Эхний шатны учир агуулгыг Өвөрхангай аймгийн ССАЖГ-ын Соёл, аялал жуулчлалын албаны дарга Л.Пүрэвлхам “Эхний шатанд мартагдсан, нутгийн онцлогийг харуулсан дуу дуулуулж байгаа нь нарийн учиртай. Өвөрхангайд гэхэд л зөвхөн Нарийнтээлд дуулагддаг Соёг хөх бор, Улаан торгон дээл гэх мэт дуунууд бий. Булганы өөр нэг суманд гэхэд л Монголын хаана ч дуулагддаггүй дуу байх жишээний. Төв халхын уртын дуу даяарчлагдсан. Уяхан замбуутивийн наранг гэхэд л Норовбанзад гуайн шуранхайгаар хүн бүр дуулж байна. Уртын дууг язгуураар нь авч үлдэх учиртай. Наадмын нэгдүгээр шатны зорилго бол ерөөсөө энэ. Яг газар нутагтаа язгуураараа үлдсэн, зөвхөн тэнд дуулагддаг дууг нутагтаа дэлгэрүүлэх, авч үлдэх зорилготой. Нарийн тээлд гэхэд Соёг хөх борыг дуулдаг цөөхөн хөгшин үлдсэн. Тэр их өвийг бүртгэлжлүүлж авч үлдэж байгаа нь том хэрэг. Хүн бүрийн мэддэг дуулдаг дуу бол онцлоггүй, даяарчлагдчихсан гэсэн үг. Онцлогоо авч үлдэх нь чухал байгаа” гэж ярив. Наадмын эхний шатанд хоёр дуу дуулуулж байгаа нь тухайн дуучны хоолойны чадлыг шалгаж буй хэрэг гэнэ.

Төв халхын уртын дууны наадмыг сонирхсон нутгийн хөгшчүүл “Ойрд сонсоогүй сайхан юм сонслоо. Зуугийн үүдэнд дуулах ч өөр байна шүү” хэмээн өөр зуураа ярилцан ам сайтай байв. Зарим нь бүр нулимс унаган сонсоно лээ.

Наадамд Өвөрхангайн дуучид өнгөтэй байлаа. Үзэгчид дундаас “Манай аймгаас Лхамжав, Түвшинжаргал гээд мундаг улс төрсөн шүү, Шаргын уснаас уусан хүн ч сайхан дуулдаг гэж үнэн юм аа” гэсэн бахадсан үг хэлэх хүн цөөнгүй байв. Сонирхуулж хэлэхэд эдний аймгийнхан нутгаасаа төрсөн алдарт уртын дууч, гавьяат жүжигчин С.Сумъяагийнхаа нэрэмжит уртын дууны наадмыг зохиогоод арав гаруй жил болсон гэнэ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг энэ наадамд дунджаар 50 орчим хүн оролцдог гэхээр уртын дуугаараа гайхагдахаас аргагүй аймаг ажээ. С.Сумъяа Төв халхын уртын дууны анхдугаар наадмын шүүгчээр ажилласан юм.

Залуу насны ангиллын тэргүүн байрт Өвөрхангай аймгийн Баруунбаян Улаан сумын уртын дуучин Н.Цэцэгсүрэн шалгарсан. Харин удаах байрт Архангай аймгийн уртын дуучин С.Нарантуяа орсон юм. Гуравдугаар байрын эзнээр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уртын дуучин Б.Заяахүү тодорсон бол тусгай байрт Орхон аймгийн уртын дуучин н.Отгонцэцэг шалгарлаа. Дунд насны ангиллын эхний байрын шагналыг Өвөрхангай аймгийн Уянга сумын уртын дуучин н.Дүгэрсүрэн авсан бол хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уртын дуучин Д.Цэвэлсүрэн орлоо. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уртын дуучин н.Мөнхбат гуравдугаар байрт шалгарсан юм. Тусгай байранд Орхон аймгийн уртын дуучин Оюундарь орлоо.

Ахмад насны ангиллыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уртын дуучин Р.Цэрэндэгд тэргүүлсэн бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын уртын дуучин н.Гаваа удаалсан юм. Харин гуравдугаар байрт Булган аймгийн уртын дуучин Сандагдорж, тусгай байранд Архангай аймгийн уртын дуучин Долгорсүрэн нар орлоо. Шагналт байр эзэлсэн уртын дуучдад Францын элчин сайд Ив Дэлунэ тусгай шагнал гардуулав.

Төв халхын уртын дууг алдаршуулах зорилготой энэ наадамд аймаг бүрээс залуу, дунд, ахмад наснаас тус бүр нэг нэг хүн оролцох боломжтой юм билээ.

Аялгууг хоолой, цээж, гэдэс гээд гурван гүнээс гаргадаг уртын дууг ЮНЕСКО соёлын өвийн жагсаалтдаа бүртгэж авсан билээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уртын дуунаас шуранхайны сайхнаараа онцгойрдог Төв халхын уртын дууны анхдугаар наадам Өвөрхангай аймагт ийнхүү амжилттай болж өндөрлөлөө. Төв халхын алдартай дуучдын үргэлжлэл болсон олон сайн дуучин цаашдаа энэ наадмаас төрөх бизээ. Дараа жил болох Төв халхын уртын дууны наадмын үеэр эрдэм шинжилгээний хурал болох гэнэ. Энэ наадмыг жилээс жилд өргөжүүлж, Төв халхын уртын дууг аялал жуулчлалын нэг том брэнд болгоно гэсэн зорилго Өвөрхангайчуудад байгаа юм билээ.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *