Categories
мэдээ цаг-үе

Төв аймгийн Батсүмбэр суманд өвөлжиж буй улсын аварга саальчин Ц.Цэцэгмаагийнд өнжлөө

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын өмнө Засгийн газраас улсын аварга малчин, саальчин, тариаланчдыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил улсын аварга саальчнаар таван хүн шалгарсны нэг болох Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн малчин Цэнд-Аюушийн Цэцэгмаагийнд өнжлөө.

Тэднийх сумаасаа баруун хойд зүгт долоон километр зайтай Нэгдүгээр фермер хэмээх газар нутагладаг юм байна. Биднийг очиход Ц.Цэцэгмаа гуай гэртээ ганцаараа байж таарав. Тэрбээр “Та нар чинь ярьж байгаад ирэхгүй дээ. Эмээ нь гадуур хэдэн үхрийнхээ өвс, тэжээлийг нь тавьж өгөх ажилтай явж байлаа. За хүүхдүүд минь гэрт орцгоо” хэмээн нэлээн тэвдсэн аятай урилаа.

Хашаан дотор нь газар тариалангийн багаж хэрэгсэл, жижиг “пад пад” трактор болон саяхан шороо асгаж засч янзалсан бололтой гэрийн буурь харагдлаа. Цэцэгмаа гуай цай аягалах зуураа “Манай өвгөн өглөө хот руу явсан. Удахгүй ирэх байх. Би энд ганцаараа ойр зуурын аж ахуйн ажил хийж байлаа. Манай халтар үнээ өнөө, маргаашгүй тугаллах гээд байгаа юм. Түрүүн үхрийн саравчинд орж, тэжээл зуурч өгчихөөд гарч ирж байгаа нь энэ” гэлээ. Энэ үеэр хөрш айлынх нь эмэгтэй орж ирээд “Цэцэгмаа гуай та наад сүү, сааль болсон хувцсаа тайлаад гоё дээлээ өмсчих. Би хоол, цай бэлдье” хэмээн хэлэв. Аварга маань зүгээр сууж чаддаггүй, их ажилсаг хөдөлгөөнтэй хүн ажээ.

Тэднийх “Алатау” хэмээх сүүний чиглэлийн гуч гаруй үхэртэй гэнэ. Өвлийн улиралд сүүний гарц мууддаг учир өглөө, оройдоо хоёр л удаа үхрээ саадаг юм байна. Нэг үнээнээс таваас найман литр сүү гардаг гэнэ. Харин өдөрт дунджаар 150-200 литр сүү сааж, хотын сүүний үйлдвэрт нэг литрийг нь мянган төгрөгөөр тооцон нийлүүлдэг байна. Харин зундаа сүүний гарц сайжирдаг ч үнэ ханш нь 350 төгрөг хүртэл унадаг гэнэ.

ААВ, ЭЭЖДЭЭ Ч ХЭЛЭЛГҮЙ ИЛГЭЭЛТЭЭР БАТСҮМБЭРТ ИРЖ СААЛЬЧИН БОЛЖЭЭ

Ц.Цэцэгмаа гуай энэ нутагт анх 1973 онд илгээлтээр ирж, ажиллаж, амьдарснаас хойш өдгөө дөчин дөрвөн жил мал маллаж, саальчин хийж байгаагаа дурслаа. Уг нь тэрбээр Булган аймгийн Могод сумын уугуул хүн аж. 1954 онд Цэнд-Аюушийн удаахь охин болон мэндэлжээ. Далан нэгэн онд Хишиг-Өндөр сумын сургуулийг дүүргэж, Төв аймгийн Заамар сумын Хөдөө аж ахуйн ТМС-т хуваарилагдан суралцаж 1973 онд төгсчээ. Анх ТМС-д хамт суралцаж байсан найзтайгаа Батсүмбэрийн сангийн аж ахуйн баруун фермерт саальчнаар ажиллах илгээлт авч, Заамараас ачааны машинд дайгдан хотыг зорьжээ. Тухайн үед илгээлт авсан залуучуудад 14 хоногийн чөлөө олгодог байсан гэнэ. Харин аварга саальчин маань чөлөө ч авалгүй, гэр орондоо ч хэл дуулгалгүй шууд л хотыг чиглэсэн аж. Улмаар хотод ирж нагац ахаа сураглаж явсаар долоон буудалд амьдардаг хэмээн сураг сонсчээ. Гэвч яг хаана амьдардаг болохыг нь мэдэж чадаагүй гэнэ.Өглөө болгон найзтайгаа хамт нагац ахаа олж уулзахаар долоон буудлын айл өрхөөс сураглаж хэрэндээ л их явдаг байж. Харин эрэл сурал болж буй хамаатных нь нэр нь Б.Зөнөг гэнэ. Тэр хавийн оршин суугчдаас “Танай энд Зөнөг гэдэг нэртэй хүн амьдардаггүй биз” хэмээн сураглахад дургүйцсэн янзтай хариулдаг байж. Зарим нь бүр “Зөнөг өө” гэж уулга алдан инээдэг байсан гэнэ. Хамаатнаа олж уулзаж чадалгүй явсаар улсын баяр наадмын өмнөх өдөр нь найзтайгаа хамт эрлийн ажлаа үргэлжлүүлэх гээд гэрээсээ гарч явтал яг хажуугийн хашаан дотор нь Зөнөг гуай үхрээ саачихсан сууж байсан аж. Ингэж хамаатантайгаа уулзаж бөөн баяр хөөр болсон гэнэ. Мөн ээжийнх нь дүү Б.Дорж гэдэг хүн Батсүмбэрийн сангийн аж ахуйд техникч хийдэг байж. Цэцэгмаа гуай 19 настайдаа илгээлтээр Батсүмбэр сумын Нэгдүгээр фермерт ирж саальчин болжээ. Тэр үед улсын төвлөгөө биелүүлэхийн тулд нэг саальчин өдөрт хорин таван үнээ сааж, 200 гаруй литр сүү бэлтгэн өгөх үйлдвэрлэлийн даалгавартай. Ингэхдээ өглөө таван цагт, өдөр 12-т, орой наймд, шөнө 12 цагт үнээгээ саадаг байжээ. Фермерийн 400 гаруй үхрийг 16 саальчин саадаг байсан тухай ярилцлаж суутал гаднаас гэрийн эзэн С.Дамба гуай тортой зүйл барьсаар ороод ирлээ. Ц.Цэцэгмаа гуай “Өө ашгүй, хөгшин маань хүрээд ирлээ. Хотоос сонины хүмүүс ирсэн. Зураг авах гээд байна. Хурдан дээлээ өмсчих” хэмээв. С.Дамба гуай Баянхонгорын гаралтай гэнэ. Батсүмбэрт анх гурван настайдаа гэр бүлийн хамт ирж суурьшчээ. Улмаар 1974 онд фермерт аж ахуйн ажил хийж байхдаа ханьтайгаа танилцаж, гэр бүл болсон гэнэ. Эднийх дөрвөн хүүхэдтэй. Ууган охин Д.Батцэцэг нь Булган аймгийн Орхон суманд малчин, том хүү Д.Батдэлгэр нь Эрдэнэт хотод хувийн бизнес эрхэлдэг, отгон хүү Д.Эрдэнэхүү нь фермерийн цахилгаанчин хийж, эхнэр, охиныхоо хамт аав, ээжийнхээ хажууд мал маллах арга ухаанд давхар суралцдаг аж. Бэр нь ээжийнхээ сүү саалийн ажилд нь оролцож, дэм болдог байна. “Алсдаа отгон хүүдээ мал хөрөнгөө өвлүүлэн үлдээнэ дээ” хэмээн аварга саальчин ярилаа.

1996 оны зун III хороололд сүү борлуулдаг худалдаачдын хамт

НАМАЙГ МОСКВА ЯВЖ БАЙСАН ГЭХЭЭР ХҮМҮҮС ИТГЭДЭГГҮЙ ЮМ

1977 онд Ц.Цэцэгмаагийн ажил хөдөлмөрийг нам засаг, Залуучуудын байгууллагаас өндрөөр үнэлж “Залуу аварга малчин” цол олгожээ. Мөн Москва, Новосибирск рүү хорин нэг хоног аялах эрхээр шагнасан гэнэ. Тухайн үед хань С.Дамба нь цэрэгт байсан юм байна. Түүнийг цэрэгт байхад ар гэрээс нь “Нөхөр Дамбын эхнэр Цэцэгмаа нь Залуу аварга малчин цол хүртсэн тул 48 цагийн чөлөө олгоно уу” гэсэн цахилгаан иржээ. Ийн баяр хөөр болсоор гэртээ иртэл хань нь хойшоо аялах бэлтгэлээ базааж байж. Ажил үйлсээрээ шалгарсан арван хэдэн залуучууд тухайн үеийн залуусын мөрөөдөл болж байсан алтан Москвагийн зүг хүлгийн жолоо залахдаа хөдөлмөр зүтгэлийн үр шим гэдгээ ухаарч улам шамдан ажиллахын хүслэн оргилж байлаа. Ингэж явахдаа үзэж харсан сурч мэдсэн зүйл хэмжээлшгүй их, олон сайхан найз нөхөдтэй болсноо аварга маань дурсах ажээ. “Өмнө ном сонин дээрээс л зургийг нь харж байсан Москвагийн Улаан талбайд өөрийн биеэр очиж үзнэ гэж зүүдлээ ч үгүй байлаа. Их Орос орны байгаль, холын цуутай хотын үзэмж нүд алдам сайхан.Зөвлөлтийн ажил амьдралтай танилцаж өдөр бүр шинэ содон зүйл олж мэдэх нь нэн сонин. Миний амьдралын хамгийн сайхан мөч тэр байсан” хэмээн инээмсэглэн хэллээ. Хожим ач, зээ нар нь орос хэлний ном уншиж байхад нөгөө алдарт Улаан талбайн зураг гарч иржээ. “Эмээ нь энэ сайхан газар очиж байлаа шүү дээ” хэмээн заахад хүүхдүүд нь итгэхгүй байсан гэнэ. Энгийн саальчин эмээгээ ид хийж бүтээхийн төлөө зүтгэдэг залуу насандаа ямар хүн байсныг нь багачууд болоод бусад хүмүүс мэдээгүй биз ээ. Ц.Цэцэгмаа гуай “Одоо ч тэр сайхан үеэ дурсаад хүнд хэлмээр санагддаг. Гэвч намайг Москва явж байсан гэхээр хүмүүс итгэдэггүй юм” гэлээ.

МАЛДАА ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ХАНДАЖ БАЙЖ Л АШИГ ШИМИЙГ НЬ ХҮРТЭНЭ

Цагаан сүүний буян их ээ.Нэгэн насны минь амьдралыг тэтгэж байгаа хэдэн үхэртээ байнга санаа тавьж хэвтэр бууцыг нь хуурай байлгах хоол тэжээлийг нь тохируулах гээд малчин саальчин хүний ажилд цаг нар гэж байдаггүй ч насаараа хийсэн ажил болохоор өөрийгөө голохгүй зүтгэж л байна. Малдаа хоёргүй сэтгэлээр хандаж байж л ашиг шимийг нь хүртэнэ шүү дээ. Манай Батсүмбэр чинь нийслэл хотынхоо иргэдийн сүүний хэрэглээг хангаж байдаг фермерийн том аж ахуйн газар. Үнээ мал гэдэг чинь аманд л юм өгөхийн хэрээр сүүгээ өгдөг амьтан. Бусад нутгийн малчид, фермерчид манай эндээс цэвэр цусны сүүний чиглэлийн үүлдрийн үхэр авах гэж их ирдэг. Эдгээр хүмүүс аль болох том дэлэнтэй үхэр сүү сайтай гэж боддог. Үхэр хичнээн том дэлэнтэй байлаа гээд сүү сайн гардаг гэсэн үг биш л дээ. Бид үхэр худалдан авч байгаа улсуудад “Сүү сайтай үхэр дэлэндээ биш хэлэндээ байдаг юм” гэж хэлдэг. Учир нь үхэр гэдэг амьтан хоол тэжээлээс шалтгаалж мах сүүний ашиг шим нь өсдөг. Ямар хэмжээнд идүүлж, усалж байна, тэр чинээгээр сүүгээ өгдөг амьтан л даа. Сүүлийн жилүүдэд өвс тэжээлийн өртөг өндөр, бидний гар дээрээс авч байгаа сүүний үнэ хямд болохоор жижиг фермерүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээлтэй байна. Манай тэжээлийн аж ахуйнууд үйлдвэрлэсэн тэжээлээ гадаадад гаргадаг болсон нь үнийн өсөлтөд нөлөөлөөд байна уу даа. Хэн нь ч гэсэн ашиг харж ажил хийдэг болохоор үүнийг буруутгаад ч яахав. Тэгэхээр өөрсдөө л өөрийнхөө хэрэгцээний хадлан тэжээлийг бэлтгэх нь чухал байгаа юм. Гэтэл хөрөнгө мөнгөтэй, танил талтай нь хадлангийн талбайг хашиж авчихаад таван үхрийнхээ сүүгээр амьдралаа залгуулж байгаа хэсэгт нь хадах талбай олдохгүй байгаа зовлонг Ц.Цэцэгмаа гуай өгүүлж байлаа. Эднийх наймдугаар сард хадландаа гарч 20-30 машин өвс, бага хэмжээний ногоон тэжээл бэлтгэж авдаг гэнэ. Тэгээд бусад хэрэгцээний өвс тэжээлээ худалдан авдаг юм байна. Нэг уут тэжээлийг ойролцоогоор арван хоёр мянган төгрөгөөр авдаг бөгөөд зун бол арай хямд байдаг ажээ.

Төв аймгийн Батсүмбэр сумын Эрдэнэтолгой хэмээх газарт 1984 оны хавар халуун ам бүлээрээ

ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭНД МАНАЙХ ХҮМҮҮСИЙН ХӨЛД ИХ ДАРАГДАНА ШҮҮ

Удахгүй болох цагаан сарын баяраар “Улсын аварга саальчин” хэмээх хүндтэй цолоо гардан авах Ц.Цэцэгмаа гуай “Энэ жил чинь сүрхий хүйтэн өвөл болж өнгөрөх юм яриад байсан. Харин ч дулаахан, өнтэй жил гарч байна” гэлээ. Удахгүй болох цагаан сарын баярын тавгийн боов, идээ цагааг нь бага хүүгийнхэн нь бэлтгэн авч өгөх юм байна. “С.Дамба ах, Ц.Цэцэгмаа эгч хоёр манай багийн ахмадууд болохоор айл саахалт, фермерийн бүх хүмүүс энэ хоёр хөгшинтэй золгохоор ирдэг” хэмээн тэдний хөрш эмэгтэй хэлж байв. Энэ үеэр Ц.Цэцэгмаа гуай “Цагаан сарын баяр сайхан. Шинийн нэгэнд манайх хүмүүсийн хөлд их дарагдана шүү. Тэр өглөө манай өвгөн хүүгээ дагуулаад Мандал овоон дээр гарч ирэх жилийнхээ зүг мөрөө гаргадаг юм. Хөгшин бид хоёр тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр зочдын гар цайлгах бэлэг хотоос захиулсан байгаа. Одоо цагт юмны үнэ өсөөд байдаг хэрнээ чанар нь бүр муудах болж. Энэ хэдэн хүүхдэдээ хүний нүүр улайлгахгүй гайгүй юм авч явуулаарай гэж хэлсэн. Өчигдөр манайх буузаа хийсэн. Нас ахих тусам хэдэн хүүхдүүд минь бид хоёрт их тус болж байна. Манай бага хүү “Аав, ээж хоёр минь өөрсдийгөө ядраагаад байлгүй дулаахан гэртэй сууж бай л даа” гэдэг юм. Бид хоёр чинь хүүхэд ахуй наснаасаа мал дагаж, ам тостож яваа улсууд. Яаж зүгээр суух билээ. Хүн хөдөлгөөнтэй байж гэмээн эрүүл саруул амьдарна. Өдгөө бид хоёр дал төхөж яваа ч дөчин настай залуучуудаас дутахгүй шүү (инээв). Аварга болсон малчдад иж бүрэн гэр өгч байгаа гэж дуулаад өчигдөр Эрдэнэхүү гэрийн буурь янзалсан юм. Энэ жил өвгөн бид хоёр шинэ гэртэй цагаална” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан буй Цэцэгмаа гуай олон жилийнхээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэнд сэтгэл хангалуун байгаа нь илт харагдлаа.

Э.МӨНХТҮВШИН

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *