Categories
мэдээ цаг-үе

Түүнийг дэлхийн аварга, цаашлаад олимп хүлээж байгаа

Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Тюмень хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өнгөрсөн. Тус тэмцээнээс Монголын жүдочид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа гуравдугаар байрт орсон амжилт үзүүлсэн билээ. Тюмень хотоос цорын ганц алтан медаль авчирсан тамирчин бол 63 кг-ын жинд зодоглосон Цэвэгсүрэнгийн Мөнхзаяа байлаа. Түүнийг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцолж байна.

Цэвэгсүрэнгийн Мөнхзаяа 1986 онд төрсөн бөгөөд жүдо бөхөөр олон жил уйгагүй хичээллэж буй шилдэг тамирчдын нэг яах аргагүй мөн. Өнгөрсөн хугацаанд тэрээр олон сайхан амжилт үзүүлж улсынхаа төрийн дууллыг харийн тэнгэрт олон ч удаа эгшиглүүлсэн Монголын нүүр царай болсон жүдоч. Олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзаяа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, “Их дуулга” тэмцээний аварга гээд бараг олимпоос бусад тэмцээний медалийг хамсан гэхэд болно. Гэхдээ түүнд олимпийн туршлага бий. “Лондон-2012” олимпод зодоглож байсан түүний барилдааныг ард түмэн одоо хэр мартаагүй. Сийрүүлбэл, ОУХМ Ц.Мөнхзаяа “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдахдаа хагас шигшээд гарч Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын гурван хүрэл медальт, Словенийн Урска Золниртой барилдаж цэвэр ялагдсан. Хоёр бөхийн хүч чадал, барилдаан эн тэнцүүхэн байсан хэдий ч шүүгчид манай бөхөд ялагдал хүлээлгэсэн гашуун түүх бий. Гэвч манай бөх хэнд ч ялагдашгүй гэдгээ цуврал тэмцээнүүдэд харуулж байна. Үүний тод жишээ бол өнөө жилийн Кувейтэд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан тохиолдол юм. Тэрээр Кувейтийн татамид жинхэнэ ясны тамирчин, мятрашгүй монгол бөх гэдгээ харуулж, бусад орны тамирчдын зүрхэнд шар ус хуруулаад авсан.

Учир юу гэвэл 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа аваргын төлөө Японы жүдоч, Токиогийн “Их дуулга”-ын хүрэл медальт Нишикава Махотой барилдаж, вазари үнэлгээгээр ялж, Ази тивийн аварга болсон. Барилдааны үед манай жүдоч зүүн мөрөндөө бэртэл авч, мөрөө мулталчихсан. Гэсэн хэдий ч бэртэл авлаа гээд унжийж суухын оронд харин ч баргийн эр хүнээс гарамгүй зориг, тэсвэр тэвчээр заан барилдааныг дуусгасан юм. Тиймээс Азийн аваргын алтан медаль түүнд, монголчуудад хамгийн үнэ цэнтэй байлаа. Арга ч үгүй биз, Монголын эмэгтэй жүдочдыг нэгэн үе дэлхийн жүдогийн дэвжээнд гялалзаж явсан Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од дасгалжуулж байгаа шүү дээ.

Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа зэрэг дасгалжуулагчдын шавь нар энэ цаг үеийг эзэгнэсэн баатрууд болж яваа гэхэд хилсдэхгүй байх. Нарийн яривал Ц.Мөнхзаяагийн гарын багш хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох. Дэлхийн аварга Ш.Чанарав, олимпийн анхны медальт Ц.Дамдин, Р.Даваадалай, 1989 оны дэлхийн аварга Х.Баттулга, О.Балжинням, олимпийн аварга Н.Тvвшинбаяр, олимпийн хvрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, М.Бундмаа, Х.Эрдэнэт-Од гээд дэлхийд нэрээ цуурайтуулсан тамирчид бүгд түүний шавь гэдэг. Тэгэхээр төгс бэлтгэгдсэн мэргэжлийн жүдоч юм.

Ц.Мөнхзаяагийн амжилтын бас нэг үндэс бол яах аргагүй гэр бүлийн хүн нь. Түүний нөхрийг Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар гэдгийг мэдэх биз ээ. 73 кг-ын жинд Х.Болдбаатартай дүйх тамирчин ховор байсан үе саяхан. Тэрээр өөрийнхөө үлдээсэн орон зайг эхнэрийнхээ амжилтаар дүүргэхээр зүтгэж явна. Жүдогийн төлөө, эх орныхоо төлөө хорвоод амьдрах хоног өдрүүдээ элээж яваа хүмүүс гэвэл тэднийг хэлнэ. Удахгүй болох ДАШТ-д Ц.Мөнхзаяа зодоглоно. Тиймээс дэлхийн татамигаас ганзага дүүрэн ирэх байх гэж найдаж байна, монголчууд итгэл хүлээлгэж байна. Тэр чадна. Түүний дараа Мөнхзаяаг олимп хүлээж байгаа…

Д.Давааүрэн

Э.Анужин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *