Монгол улсын Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол тууль хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс “Хаан туульс, туулийн өргөө”-г нээх ёслолын арга хэмжээ Богд хааны ордон музейд өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтэсийн дарга Ц.Цэндсүрэн, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат зэрэг албаны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. “Хаан тууль”-сийн өргөөний жаврыг үргээж Төрийн хан хуурч Ц.Цэдэндорж өргөөний мялаалгын ерөөл хайрлалаа. Тус өргөөг Богд хааны музейн өмчөөс гаргасан бөгөөд гэр доторхи эдлэл хэрэглэл, тоног төхөөрөмжийг яамны төсвөөс 50 сая төгрөг гаргажээ. Ингэснээр “Хаан туульс” өргөө өвөг дээдсээсээ уламжилж ирсэн тууль, цуурын шавь сургалтын байнгын орчин болж буй юм.
“Хаан туульс” өргөөний нээлтийн үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Монголчууд бид энэ гайхалтай соёлын өвийг өвлөн уламжилж ирэхдээ үргэлж Монгол гэрт хайлсаар иржээ. Тиймдээ ч энэ билэгт сайн өдөр Хаан туульсийн өргөө гэрийн нээлтийг хийж буйдаа билэгшээж байна. Өмнө нь биет бус соёлын өвийг тээж яваа, өвлөн уламжлуулж яваа, шавилан сургах сургалтыг өндөр хэмжээнд өвлөн уламжилсан тэдгээр хүмүүстэйгээ чуулга уулзалтыг удаа дараа зохион байгуулсан. Хурлаар туульчид, цуурчид шавь сургалт зохион байгуулах орчин байхгүй байна гэсэн саналыг тавьсан юм. Тиймээс үлгэр туулиа хайлах яг тэр язгуур орчныг бий болгохыг зорьлоо. Энэ өргөөнөөс олон сайхан туульчид төрөн гараасай. Мөн Монголын өнцөг булан бүрт Цуур, Морин хуур, Тууль зэрэг язгуур урлагийг хамгаалах хөгжүүлэх олон, олон өргөө бий болоосой гэж ерөөж байна” гэлээ.
Харин туульч А.Балдандорж хэлэхдээ “Хэдэн зууны турш монголчууд өргөө цагаан гэртээ үр хүүхдүүдээ тойруулан суулгаж үлгэр туулиа хайлсаар ирсэн. Туульд баатарлаг зүйлсийн тухай өгүүлдэг. Үргэлж хүний дотоод сэтгэлийг хөнддөг учир тууль сонсож өссөн хүүхэд гайхалтай хүмүүжлийг олж авдаг. Тууль бол Монголын уран зохиолын бүх төрлийг багтаасан гайхалтай язгуур урлаг юм. Тиймээс хүүхдүүдийг Хаан туульсийн өргөө гэртээ ирж туульч болоорой гэж уриалж байна” гэв.