Categories
мэдээ нийгэм

Туул голыг цэвэрлэнэ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаас(БОНХАЖЯ) өнөөдөр Туул голын асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тус хуралд БОНХАЖЯ-ны дэд сайд М.Хүрэлсүх, Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлогын газрын дарга Г.Мөнх-Эрдэнэ, Сав газрын удидлагын хэлтсийн дарга Д.Батболд, Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн, дэд сайдын туслах Б.Саранчимэг нар оролцлоо.

БОНХАЖЯ-наас эхний ээлжинд ирэх бямба гаригт Туулын голын цэвэрлэх гэнэ. Мөн шөнийн цагаар хог ихээхэн хаядаг байсан газруудад хяналтын камерыг байрлуулаад эхэлжээ. Шинэ цэвэрлэх байгууламжийг яаралтай байгуулж, хөрөнгийн эх үүсвэрийг нь Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдэж өгөх хэрэгтэй гэв.

БОНХАЖЯ-ны мэдээлснээр “Сар шинээс өмнө хог шорооноосоо салдаг уламжлалт ёсны дагуу БОНХАЖЯ-ны харьяа газрууд, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын бурхан шатны их сургуулийн оюутнууд, зарим төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран ирэх бямба гариг буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр Туул голын эрэг хөвөө орчмыг цэвэрлэх гэж байна. Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хооронд хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг сэргээх чиглэлээр гарсан БОНХАЖ-ын сайдын 2015 оны нэгдүгээр сарын 30-ны А-40 дугаар тушаалын дагуу хийгдэж буй эхний ажил юм. Энэ өвөл цаг агаар харьцангуй дулаахан байгаа учраас голын хөвөөгөөр аялж, амрах иргэдийн тоо тасрахгүй, үүнээс болж хог хаях нь ихэссэн. Тиймээс БОНХАЖЯ Туул голын орчныг бохирдуулахгүй байх, мөс цөмрөх болзошгүй аюулаас сэргийлэх, байгаль дэлхийгээ дээдэлж амарч, аялахыг ард иргэддээ уриалж, дээрх цэвэрлэгээг хийж байгаа юм. Саяхан Туул голын сав газрын захиргаанаас Гачуурт тосгоноос Шувуун фабрик хүртэл голын эрэг дагуу эргүүл, хяналт хийсэн. Энэ үеэр хог хаягдлаа хаясан, харзны усанд орохдоо усыг бохирдуулсан хэд хэдэн зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авсан. Мөн Гачуурт тосгоноос Шувуун фабрик хүртэл голын эрэг дагууд гол руу тээврийн хэрэгсэлтэй ордог, харзны усанд ордог газруудын байршлыг тодорхойлж, зураглал хийсэн. Харзны усанд ордог таван байршил, тээврийн хэрэгсэлтэй ордог арван байршилд анхааруулах, хориглох тэмдэглэгээ хийхээр төлөвлөж байна. Цаашид БОНХАЖ-ын сайдын тушаалын дагуу Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг сэргээх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *