Categories
мэдээ улс-төр

Төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа. Ингэснээр Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016, 2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн.

УИХ 2014 оны тавдугаар сард Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Гэвч тэрнээс хойш макро эдийн засгийн байдал хүндэрч, эдийн засгийн үзүүлэлтүүд муудан, хүлээгдэж буй гүйцэтгэлд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Төсвийн хүрээний мэдэгдэлд буй тоонуудад өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Засгийн газраас уг нь Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах замаар Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 70 хувьд хүргэх, 2015 оны төсвийн алдагдлыг долоон хувьд хүргэхээр оруулж ирсэн. Гэсэн хэдий ч энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл заалттай зөрчилдөж байна гэх шүүмжлэлд өртсөнөөр эргүүлэн татаад, дахин өргөн барьсан юм. Ингэхдээ хуульд заасан шаардлагуудыг хангаж, өрийн хязгаарыг 40 хувь, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувь байхаар тусгажээ.

Үүнийг байнгын хорооны гишүүд ихээхэн дэмжиж байв. Ингээд хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Д.Дэмбэрэл: Энэ асуудлыг дэмжиж байгаа. Хуульд заасан шаардлагуудыг хангаж байгаа учраас их зөв зүйтэй асуудал болсон гэж үзэж байна. Гэхдээ асуудлыг илүү тодруулах үүднээс одоо оруулж ирсэн төсвийн хүрээний мэдэгдэл нь өмнө нь бидний баталсан Төсвийн хүрээний мэдэгдлээс юугаараа ялгаатай байгаа вэ.

Сангийн дэд сайд С.Пүрэв: ДНБ-ий өсөлтийн таамаг ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөгөөр буурч байна. Өмнө нь бид ДНБ-ий өсөлтийг 10 хувь гэж харж байсан бол одоо энэ үзүүлэлтийг 7.1 хувь гэж тооцоолж байгаа. Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7.1 хувийн өсөлт гарах боломжтой. Өөрөөр бол өмнө нь оруулж ирж, батлуулсан төслөөс ялгаатай зүйл байхгүй.

Ч.Хүрэлбаатар: ДНБ-ий өсөлтөө 7.1 хувь гээд нэлээд бууруулсан байна л даа. Гэхдээ энэ өсөлт чинь яг биелэгдэх боломжтой юм уу. Урьд өмнө нь эдийн засгийн өсөлт тэд, эд гээд л оруулж ирж байсан. Өнгөрсөн хоёр жилд биелэгдсэн нь ерөөсөө алга л байна шүү дээ. Зөв тооцоолж чадсан юм уу. Оюутолгойн асуудал чинь гацаатай хэвээрээ л байна. Цаашдаа эдийн засаг улам муудахаар байна. Энэ 7.1 хувийн өсөлт бол бас л арай өндөр л байх шиг байна. Яг ямар салбараар ийм өсөлт бий болох боломжтой гэж үзэж байгаа юм бэ.

Түүний асуултад ажлын хэсгийн зүгээс “Эдийн засгийн 7.1 хувийн өсөлт хангагдах боломжтой гэж үзэж байгаа. Үүнд ХАА 9.6 хувь, үйлдвэрлэл 8.5, үйлчилгээний салбар 6 хувиар өсөхөөр байгаа” гэсэн юм.

Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авч байх явцад УИХ-ын гишүүн С.Баярцогт байнгын хорооны гишүүдэд хандан санал гаргалаа. Тэрбээр энэхүү хуулийг дагалдан орж ирсэн хоёр хуулийн төслийг ч бас хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ.

С.Баярцогт: УИХ-ын гишүүддээ хандан хэлэхэд бид хэдий болтол ингэж өөрөө өөрсдийгөө хуурах юм бэ. Бид нэг иймэрхүү парадокст орчихоод байна. Наад төсвийн гадуур байгаа зардлуудаа төсөвтөө тусгаад яв гэдэг. Тэгээд төсөвтөө тусгачихаар төсвийн тогтвортой байдлын гол шаардлагууд чинь өөрчлөгдөж л таарна биз дээ. Өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 70 хувь, төсвийн алдагдал 7 хувь. Ийм байдлаар Засгийн газар оруулж ирэхээр наад хуулийг чинь хэлэлцэхгүй гээд хойшлуулчихдаг. Өнөөдөр энэ төсвийн хүрээний мэдэгдлийг их гоё тоонуудтайгаар баталж болно. Гэхдээ бодит байдалд чинь төсвийн алдагдал 7 хувьтай л байна шүү дээ. Тэгээд л олон улсын байгууллагууд наад төсвийн гадуурх зардлаа төсөвтөө тусгаач гэдэг биз дээ.

Гишүүн С.Баярцогт ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа гишүүд үг хэлж эхлэхэд МАН-ынхан түүний хэлсэнтэй холбоотойгоор бухимдлаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл болон МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол нар “Манай намын байр суурь бол хуулийг одоо байгаа хуулийн хүрээндээ батлах. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй” гэдгийг онцолсон юм. Харин С.Баярцогт гишүүн уг асуудлыг зөвхөн аль нэг намд бус нийт УИХ-ын гишүүдэд хандан хэлж байгаагаа дуулгасан.

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *