“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас тогтсон усыг нэг тонн, арван тонны багтаамж бүхий тусгай зориулалтын гурван машинаар тухай бүр соруулж, зайлуулах ажлыг хийдэг. Үүнийг хүмүүс бохир усаа Туул гол руу асгаж байна хэмээн буруугаар ойлгох болжээ. Гэтэл энэ нь хүмүүсийн ойлгож байгаа шиг ахуйн бохир биш бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбай болон автозам дээр тогтсон борооны ус юм. Улаанбаатар хот нь ариутгах татуургын салангад системтэй төлөвлөгдсөн бөгөөд автозамын ус зайлуулах шугам, далан сувгууд нь шууд гол руу нийлж, борооны усаа хаядаг онцлогтой. Тиймээс цаашид ус соруулдаг тусгай зориулалтын машинуудад “Борооны ус” таних тэмдэг тавихаар болжээ.