Categories
мэдээ нийгэм

Тусгай хамгаалалттай газруудын байгаль хамгаалагчид бартаат замын 60 мотоциклыг хүлээлгэн өглөө

Монгол орны тусгай хамгаалалттай газруудад тавих хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ХБНГУ-аас манай улсад бартаат замын 60 мотоциклыг хүлээлгэн өглөө.Ёслолын ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дүппел нарын албаны хүмүүс оролцсон юм.Дээрх мотоциклуудыг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нуруу зэрэг найман хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөв.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, “Энэ жил БОАЖЯ байгуулагдсаны 30 жил, Монгол-Германы хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байна. Герман улсаас байгаль орчны салбарт сүүлийн 20 гаруй жил тасралтгүй хамтран, дэмжин ажиллаж, техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд салбарынхаа нийт ажиллагсдын нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. Хоёр талын хамтын ажиллагаа нь Монгол Улсын байгаль орчны салбарт үр дүнгээ өгсөөр ирсэн. “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл нь талуудын байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны томоохон жишээ болж байна. Өнөөдөр Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгуудад өгч буй бодит тусламж нь хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр боллоо” гэлээ.

Түүнчлэн дээрх арга хэмжээний үеэр Монгол орны байгаль орчны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн БОАЖЯ-наас ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Глассыг Байгаль орчны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр, Германы Сэргээн босголт, зээлийн банкны Монгол дахь салбарын захирал, П.Гиоргиевыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр тус тус шагнаж урамшуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *