Categories
мэдээ нийгэм

Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгөв DNN.mn

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 12 захиргаа, 5 аймгийн БОАЖГ, Сав газрын захиргаа Ландкрузер 300, 76, 79 маркийн туулах чадвар сайтай 19 автомашин өнөөдөр хүлээн авлаа.


Эдгээр автомашиныг Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газрын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар олгож буй юм.

Уг төсөл нь Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой. Төслийн нийт санхүүжилт 32.25 сая евро бөгөөд Германы Засгийн газраас 27.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн дэмжлэг олгох ба Монголын Засгийн газраас 4.75 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн ба бизнесийн төлөвлөлтийг Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдамж, стандартын дагуу шинэчлэн сайжруулах, шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах цогц ажлын хүрээнд нийт 665.8 мянган еврогийн үнэ автомашин олгож буй юм.

Автомашин хүлээлгэн өгөх ёслолд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Карен Хойфер, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөгч оролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *