Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрөөс хувийн өмчид халдаж гараж буулгаж байгаа бол эздэд нь нөхөн төлбөр олгох ёстой гэв || DNN.mn

Энэ онд нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдсан 4860 гаражийг буулгаж, ногоон байгууламжаар тохижуулж нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглуулахаар төлөвлөжээ. Гаражуудыг чөлөөлөх ажил гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ онд 50 байршилд 1280 гараж буулгахаар төлөвлөжээ. Тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн захирамжаар 15 болон 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 129 дүгээр цэцэрлэг, 84 дүгээр сургуулийн дунд байрлах 73 гаражийг албадан буулгаад байна.

Гаражуудыг албадан буулгаж автомашины зогсоол байгуулж, ногоон байгууламж хийхээр төлөвлөснөө Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлсэн юм. Гэсэн ч энэ үйлдэл нь төрийн зүгээс иргэдийн хувийн өмчид халдаж байгааг “Тоосгон гараж эзэмшигчдийн түр хороо”-ноос онцолж байна.

Гараж чөлөөлөлтийн талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Гаражуудтай холбоотой асуудалд санал, шүүмжлэл гарч байгаа. Социализмын үед хувийн өмч гэж огт байгаагүй. Социализмын бүтээн байгуулалт, хүмүүсийн сэтгэлгээ ч тийм л байсан. Нийгмийн өмч, нийтийн хөрөнгө. Тэр хүрээнд дөч, тавин мянгат, I, III, IV хороолол, бичил хорооллууд баригдсан.

Тухайн үед орон сууцны барилгуудад гараж байхаар төлөвлөлт, зохион байгуулалт хийгээгүй. Ерээд оноос хойш иргэд маань хувийн өмчтэй, тэр дундаа хувийн автомашинтай болж, гараж барих газар хүсэх нь олширч, тэр дагуу тухайн үеийн хотын удирдлагууд зөвшөөрөл өгөх болсон. Мөн орон сууцны нэг давхруудыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, тэр хэрээр хашаа, хайс барих зэргээр анхны төлөвлөлтийг алдагдуулсан байдаг. Тэр бүхнийг өнөөдөр зөв, буруу гэж шүүхээс илүү яаж засах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн 30 жилийн алдаа, дутагдлыг засах бодлого хэрэгтэй. Бид зөв зохицуулалтыг эрэлхийлж, эхнээс нь суурийг нь тавиад явж байна.Орчин үеийн залуус ч үүнийг хүсч байна. Орон зайн төлөвлөлт сайтай хоттой байхыг хүсч байна. Зогсоолын асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн зургаан дүүргийн хэд хэдэн байршил дээр “Наадам центр” шиг дулаан гаражуудыг барихаар төлөвлөж байгаа. Ялангуяа өмчлөх зөвшөөрөлтэй хүмүүсээ бодсон уян хатан зохицуулалтыг хийж өгнө. Зөвшөөрөлгүй гаражуудын эзэдтэй бол яримааргүй юм билээ. Яах ч арга байхгүй” гэх байр суурийг илэрхийлж байна.


Иргэн Г.Ганбаяр: Төр иргэний хувийн өмчид халдаж байгаа бол нөхөн төлбөр олгох ёстой


Гаражаа буулгасан иргэдийн төлөөлөл болох Г.Ганбаяраас тодруулга авлаа.


-Нийслэлийн зүгээс зөвшөөрөлгүй баригдсан гаражуудыг буулгаад эхэллээ. Таны эзэмшлийн гаражийг буулгажээ. Үүнийг таны зүгээс хэрхэн харж байна вэ?

-Зөвшөөрөлгүй гэдэг үгийг би ойлгохгүй байгаа шүү. Тухайн үедээ нийслэлээс зөвшөөрөл аваад ном журмынх нь дагуу барьсан гараж. Барихдаа тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан миний хувийн өмч. Гэтэл ямар үндэслэлээр зөвшөөрөлгүй болчихдог юм бэ. Энэ үйлдлийг хувийн зүгээс төр иргэдийн өмчид халдаж, дээрэмдэж байгаа үйлдэл гэж харж байгаа.

-Та гаражаа хэзээ барьж байв. Нийслэлээс гаражийг буулгах мэдэгдлийг хэзээ хүлээж авсан юм бэ?

-Би гаражаа 2000-аад онд л зөвшөөрлийг нь аваад өөрөөсөө зардлыг гаргаж барьсан. Өнгөрсөн хугацаанд газар ашигласан татвараа төлөөд л явж ирсэн. Гэтэл ямар нэгэн нөхөн төлбөр надад олгохгүйгээр шууд нураах шийдвэр гараад л тэр дор нь нураалаа. Иргэний хувийн өмчийг сүйтгэх болохоор үйл явц нь яасан ч шуурхай өрнөдөг юм. Нийслэл хэзээ ийм шуурхай ажилладаг байсан юм бэ. Мэдэгдлийн тухайд би албан бичиг хүлээж аваагүй. Гаражийн үүдэнд бичиг наагаад л шууд нурааж байна. Үүнийг аль ч талаас нь харсан иргэний өмчийг дээрэмдэж байгаа хэлбэр. Нийслэлийн зүгээс оронд нь ногоон байгууламж бүтээнэ, авто зогсоол байгуулна гэж яриад байгаа. Энэ ажлыг хийж болно.

Гэхдээ яагаад иргэний өмчид халдаж байгаа юм бэ. Магадгүй гараж нураагаад оронд нь хэн нэгэн албан тушаалтны барилга сүндэрлэхийг үгүйсгэх аргагүй. Иргэний өмчид халдаж байгаа юм бол тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгох ёстой. Энэ үйлдлийн ард бусдаас гараж худалдаж авсан иргэдийн эрх ашиг ноцтой хохирч байна. Тоосгон гаражийн зах зээлийн ханш хамгийн багадаа л 5-6 сая төгрөгийн ханштай байдаг. Ийм хэмжээний хөрөнгөөр гараж авсан улс хохирлоо хаанаас барагдуулах вэ? Энэ мэт асуудлуудад иргэдтэйгээ ойлголцож, уян хатан хандах хэрэгтэй гэв.

No description available.

Б.Батбаяр: Нийтийн эрх ашиг нэгдүгээрт, хувь хүний эрх ашиг хоёрдугаарттавигдах хэрэгтэй


Гаражаа буулгасан иргэдийн зүгээс анх нийслэлээс зөвшөөрөл авч барьсан гэдгийг онцолж байна. Мөн өмчийг буулгаж байгаа тохиолдолд иргэдэд нөхөн төлбөр олгох шаардлагатайг хэлж байлаа. Энэ асуудлын талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Буяндэлгэр байр сууриа илэрхийлснийг хүргэе.


-Энд буулгаж байгаа гаражууд анх ямар зөвшөөрлөөр баригдсан юм бэ. Иргэдийн зүгээс зөвшөөрөлтэй гаражийг нурааж байна гэх гомдол гарч байна.

-Анх нийтийн эзэмшлийн гудамж талбайг түр ашиглах гэрээгээр баригдсан юм билээ. Гэхдээ тухайн гэрээнд ашиглах хугацаанд тодорхой шаардлага, нөхцөл үүссэн үед үл маргах журмаар чөлөөлж өгнө гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Үүнээс гадна хотжилт, төвлөрөл ихэсч байна. Үүнийгээ дагаад оршин суугчдад амарч, салхилах тохилог талбай хангалтгүй болж байгаа. Аливаа хотхоныг барихдаа 30 хүртэлх хувьд нь ногоон байгууламж барина гэж заасан, энэ стандарт алдагдсан. Өрхүүдийн тоо нэмэгдээд байдаг, орчны тохижилт дутагдалтай байгаа нь бүх судалгаагаар илэрч байна. Энэ үндэслэлээр гаражийг чөлөөлж, талбайг тохижуулахаар шийдвэрлэсэн.

-Бусдаас гараж худалдаж авсан иргэд бий. Энэ хүмүүс хөрөнгөөрөө хохирч байна шүү дээ.

-Зарим иргэн худалдан, борлуулсан тохиолдол бий. Түүнийг нь мэдээлэлгүй иргэд худалдаад авсан тохиолдол гарч байна. Гэхдээ ихэнх тохиолдолд гараж чөлөөлөх ажлыг өмчлөгч иргэд өөрсдөө дэмжиж оролцож байгаа. Нийтийн эрх ашиг нэгдүгээрт, хувь хүнийх хойно нь байх ёстой гэдэг утгаар дэмжиж байна л даа гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *