Categories
мэдээ улс-төр

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

УИХ-ын үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 38 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн ‘Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус байнгын хороо уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг энэ сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Ц.Баярсайхан, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан, Г.Уянга нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Иймээс тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ угтогтоолын төслийн талаар тус байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй 40, найруулгын шинжтэй 12 санал гаргасныг дэмжсэн, дэмжээгүйгээр нь ангилан, найруулгын засварын хамт гишүүдэд тараасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, Д.Тэрбишдагва нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсны дараа хуралдаан даргалагч Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлахад, тогтоолын төслийн 2 дахь заалтыг “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” батлагдсантай холбогдуулан

1/бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги хөтөлбөрийг таван жилээр төлөвлөж, холбогдох төлөвлөгөө, төслийг боловсруулан баталж, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулах;

2/бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3/энэ тогтоолын 2 дахь заалтын 1-д заасан стратеги хөтөлбөр, төлөвлөгөө, төслийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж хэрэгжүүлэх;

4/дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, бүтээмж болон өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны ангиллын дагуу гаргасан албан ёсны статистик үзүүлэлтэд үндэслэн бодлогын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах” гэж өөрчлөн найруулахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6 хувь нь дэмжив.

Мөн төслийн хавсралтын 1.1 дэх хэсгийг “1.1.Аж үйлдвэрийн салбар нь төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн, дэвшилтэт техник, технологи, өндөр бүтээмж, өрсөлдөх чадвар бүхий экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл мөн.” гэж өөрчлөн найруулах саналыг гишүүдийн 75.9 хувь дэмжсэн юм.

Харин төслийн хавсралтын 4.2.1.2 дахь дэд заалтыг “монгол гарал үүсэлтэй, үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжих;” гэж өөрчлөн найруулах саналаа ажлын хэсэг татаж авснаар төслийн энэ заалт Засгийн газраас оруулж ирсэн анхны хувилбараар үлдэв.

Түүнчлэн тогтоолын төслийн хавсралтын 4.1 дэх хэсэгт “….соёлын бүтээлч аж үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх;” гэсэн агуулга бүхий заалт нэмэхээр ажлын хэсгээс гаргасан саналыг нэр томьёоны хувьд ойлгомжгүй, гадаад үгийн утгыг буруу орчуулсан байна гэх зэргээр гишүүд нэлээд маргалдаж мэтгэлцсэний эцэст хуралдаан даргалагч саналын томьёоллыг агуулгын хувьд дэмжье, харин уг нэр томьёог төслийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд дахин нягталж ойлгомжтой болгох нь зүйтэй гээд уг саналыг дэмжих санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувь нь дэмжив.

Харин тогтоолын төслийн хавсралтын 4.2 дахь хэсэгт “….Соёлын бүтээлч аж үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх зорилтын хүрээнд “….соёлын бүтээлч аж үйлдвэрийг улс орны угсаатны зүй, соёлын онцлог, соёлын өв, дэлхий нийтийн чиг хандлагыг баримтлан дэвшилтэт техник, технологи, инновацийн үндэсний тогтолцоонд тулгуурлан цогц хэлбэрээр үүсгэж хөгжүүлэх, тус салбарт мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх замаар шинэ чадавхи, шинэ бүтээгдэхүүн бий болгох;олон улсын соёлын статистикийн хүрээг нэвтрүүлэх;” гэсэн агуулга бүхий заалт нэмэх санал гаргажээ. Энэ саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, С.Дэмбэрэл нар байнгын хорооны ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллууд нь хэл найруулгын хувьд ойлгомжгүй, нэр томьёо нь оновчгүйгээс хэлэлцүүлгийн явц сунжирч их цаг алдаж байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа хэллээ.

Харин энэ талаар байнгын хорооны дарга Ж.Батсуурь ажлын хэсэг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхэд багагүй цаг зарж, сайн ажилласан гэж үзэж байгаа. Байнгын хорооноос дэмжигдсэн саналуудын нэр томьёо, найруулгыг дахин нягтлах үүргийг ажлын хэсэгт өгсөн. Гэхдээ хуралдаанаас хойших богино хугацаанд зарчмын зөрүүтэй энэ олон саналыг агуулга, хэл найруулга, нэр томьёоны хувьд сайтар нягтлах боломж ажлын хэсэгт бага байсан гэдгийг хэлж байв.

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын 24 дэх нь болох дээрх саналын томьёоллыг хэлэлцэж байгаад үдийн завсарлагын цаг болсон тул чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *