Categories
гадаад мэдээ

Туркийн эсрэг эдийн засгийн хориг тавилаа

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Туркийн эсрэг эдийн засгийн хоригийг баталсан зарлигт гарын үсэг зурлаа. Москвагийн танилцуулсан эдийн засгийн хоригт Туркээс ирэх импортын бараа, бүтээгдэхүүн, ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй компани, турк ажилчид хамрагдаж байгаа бөгөөд хоёр орны хоорондох онгоцны нислэгийг цуцалжээ. ОХУ-ын “СУ-24” байлдааны онгоцыг /XI.24/ байлдааны онгоцыг Сирид сөнөөсний хариуд Туркийн эсрэг эдийн засгийг хориг тавьж байна. Түүнчлэн Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болсон хэрэг явдалд ОХУ-аас уучлал гуйхгүй гэсэн нь нөхцөл байдлыг хурцатгав.

Турк болон ОХУ нь эдийн засгийн чухал харилцаа холбоотой орнууд юм. Турк нь ОХУ-ын худалдааны хоёр дахь том хамтрагч аж. Гэвч ОХУ нь өнгөрсөн баасан гаригт Турктэй хийсэн визгүй зорчих гэрээг цуцалсан байна.

ОХУ-д Туркийн 90 мянга орчим хүн ажилладаг бөгөөд гэр бүлийхнийг нь оролцуулвал 200 мянгад хүрэх тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ. Түүнчлэн Оросын аялалын компаниуд Турк руу нислэгээ цуцалж, иргэдийг онц шаардлагагүй бол Анкараг зорихгүй байхыг анхааруулсан байна. Өнгөрсөн онд гурван сая гаруй орос жуулчид Туркийг зорьсон байжээ.

Өмнө нь энэ долоо хоногийн эхээр Туркээс импортоор орж ирсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 15 хувь нь стандартын шаардлага хангаагүй гэх шалтгаанаар хил дээр саатуулагдаад байв. Туркээс энэ онд ОХУ-д нэг тэрбум еврогийн өртөг бүхий хүнс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлож, эргээд хүнсний ногооны 20 хувийг импортоор авчээ. Мөн Турк өнгөрсөн жил 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй арьсан болон нэхмэл бэлэн хувцас ОХУ- руу экспортлосон байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *