Categories
гадаад мэдээ

​Турк улсад гал түймэр унтраахад оролцож байсан Оросын нисэх онгоц осолдож, бүх зорчигч нь амь үрэгджээ


Турк улсад шатаж буй ой хээрийн түймрийг унтраахад тусалж байсан Оросын нисэх онгоц өчигдөр ууланд осолдож, онгоцонд явсан найман хүн бүгд амь үрэгджээ.

Бериев Бе-200 загварын уг онгоц байгалийн эх үүсвэрээс их хэмжээний ус тээвэрлэн нисэж, түймрийг агаараас унтраах зориулалттай юм.

Онгоц Туркийн өмнөд хязгаарын Мараш мужийн уулархаг бүсэд осолджээ.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр онгоцонд Оросын таван нисгэгч мэргэжилтэн, Туркийн онцгой байдлын албаны гурван албан тушаалтан зорчиж явсан байна.

Туркийн сошиал сүлжээнд осол гарсан газраас хар утаа олгойдож байгааг харуулсан дүрс бичлэгүүд таржээ.

Онгоц тээвэрлэж явсан усаа түймрийн бүсэд асгаж дууссаны дараа хангалттай өндөр авч чадаагүйн улмаас уул мөргөж сүйрсэн гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам ослын газарт ажиллах шинжээчдийн багийг Турк рүү илгээжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд тэдний баатарлаг гавьяаг үнэлж, төрийн одон медальд тодорхойлохыг үүрэг болгосон тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Газрын дундад тэнгисийн Турк, Грек зэрэг улсуудад сүүлийн өдрүүдэд хэт халж, агаар хуурайшсаны улмаас өргөн хэмжээний ой хээрийн түймэр шатаж байгаа. ОХУ эдгээр улсуудад туслахаар гал унтраагч нисэх онгоцнуудаа илгээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *