Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулна

Өнөөдөр буюу найм дугаар сарын 17-нд Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нийгэм эдийн засгийн тулгарч буй зарим асуудлаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулна. Үүнд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар тогтжээ.

Дараагаар Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгууллагдлаа. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан аж. Шалгалтын дүн болон цаашид авах арга хэмжээний талаарх саналаа есдүгээр сарын 10-ны дотор Засгийн газарт танилцуулахыг ажлын хэсэгт даалгалаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг баталлаа. Засгийн газрын хуралдаанаас баталсан үзэл баримтлалаар жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй борлуулалтын орлоготой нэр бүхий салбарын аж ахуйн нэгжид 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа ажээ.

Мөн малын гаралтай бүх түүхий эдийн экспортыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах санал гарлаа. Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд дэмжлээ. Энэ хүрээнд малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт даалгав. Хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр төсөлд тусгаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *