Энэ жилийн төрийн шагналыг Буриадын зураач Намдагийн Дашнамд олгосон. Даши Намдаков хэмээх эл уран бүтээлчийг дэлхийд алдартай нэгэн гэдгийг манай урлаг соёлын хүрээнийхэн мэднэ. Харин Монголын ард түмэн бүгдээрээ тийм ч сайн танихгүй байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог төрийн шагналд дүйцэхүйц уран бүтээлчид Монголд цөөнгүй. Харин нэр дэвшүүлдэг, дэвшүүлдэггүй нь л хаашаа юм гэхээс биш. Миний мэдэхээр, “Загийн алим”, “Суварган цэнхэр уулс”, “Мартагдсан дууль” зэрэг кино зохиол, “Эх газрын чулуу”, “Эргүүлэг” роман, “Азын цэнхэр уул”, “Уулын намар” тууж зэрэг олон сайхан бүтээл төрүүлсэн зохиолч Санжийн Пүрэвийг энэ шагнал яагаад тойроод байдгийг хэлж эс мэднэ. Түүний “Усны гудамж” хэмээх хэлмэгдлийн үеийн сэдэвт роман гэхэд ерээд оны эхээр тавин мянган хувь хэвлэгдэж, саяхан уншигчдын хүсэлтээр арваад мянган хувиар дахин гарсан. Тэгэхээр түүнийг уншигчгүй, авьяасгүй зохиолч гэж хэн ч хэлж чадахгүй.
“Паанан”, “Соёо” туужаараа Монголын их утга зохиолыг хөдөлгөөнд оруулж, монгол туужийн хөгжлийг алхам урагшлуулсан зохиолч Доржзовдын Энхболдыг “Монголын Хемингуэй, Фолкнер” хэмээн мэргэжлийн шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг. Энэ хүний энгэрт монгол төрийн алтан соёмбо тийм ч гялгар юм уу, эсвэл бүүдгэр харагдахгүй л байх. Түүний “Казиног номхотгосон түүх” роман номын зах зээлд тэргүүлж, оны шилдгээр тодорч байсан.
Тэрчлэн, “Хорин нэгэн хөрөг”, “Саран зэв”, “Түгшүүрт аялал” түүхэн хөрөг, тууж, эсээний ном туурвиж, Монголын 35 их хаан, Модунь шаньюйн хөргийг амилуулсан зураач-зохиолч Тангадын Мандир хэмээх эгэл даруу эгэлгүй нэгэнд Монголын төр мэхийх цаг нь болсон мэт. Овоон дээр хуурдан суугаа сохор хуурч өвгөн буюу “Их хөлгөн туульс” сонгодог бүтээл, шадар ван Чингүнжавын хөшөөг гайхамшигтай туурвисан зураач Шүнгийн Тэнгисболдод ч төр соёрхлоо хайрлахад ер буруудахгүй гэж мэргэжлийн судлаач шүүмжлэгчид ярих юм билээ. Төрийн маань гэгээн мэлмий энэ л сод авьяастнуудаа олж харахгүй л байх юм даа.