Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн наадмын цаадах амьдрал DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр цэнгэл наадам ихэд сайхан боллоо. Болсон нь ч үнэн. Өнөөдөр уяачдын наадам Хүй долоон худагт өргөн дэлгэр болж буй биз ээ. Гэтэл бидний нөгөө хэсэг дэх амьдрал, тэндэхийн наадам ямар болж байгаа бол…

Хотоос захын гэр хорооллынхон хаягдсан хэсэг л гэдэг. Тэднээс ч дор хэсэг ч бас байдгийг нүдээр үзэж, чихээр сонслоо. Улаан чулуутын хогийн цэгт амьдардаг хүмүүст хоол бэлтгэн аваачиж өгөхөөр ах дүүстэйгээ нийлэн бэлтгэв. Долдугаар сарын 10-ны өдөр үдээс хойш очихоор Яармагаас хөдөллөө. Сонсголонгийн гүүрээр гараад Толгойтын замаар өгссөөр. Өгсөх бүрт хотын зах руугаа явах тусам согтуу хүмүүс олширч, хашаа хороо нь эвдэрхий, гэр орон нь эсгий дээвэр туурга нь урагдсан харагдана.

Машины цонхоор элдвийг ажин явтал гудамжны үзүүрт согтуу суух хүмүүс, энд тэнд согтуу хэвтэх хүн олон үзэгдлээ. Нэг согтуу эр дэлгүүрийн үүдэнд “Мөнгө дутсан байвал чам дээр шүү. Хурдан яв” гэх дуунаар нь ажвал 11,12 настай болов уу гэмээр охин байдгаараа хөлс нь цувчихсан гүйх алхах зэрэгцүүлэн хурдлахыг хичээнэ. Нөгөөх эр байдгаараа “Хурдлаач” хэмээн тэнхээ мэдэн хашгирсаар хойно үлдэв.

Цааш нэг их удаан явсангүй зорьсон газартаа ирэв бололтой. Уулын энгэрт 2, 3 хогны машин дарааллан зогсжээ. Тойрч явсаар 5, 6 машин дараалласан байхыг хараад дүүгээ буулгаж орж болох эсэхийг асуулгалаа. “Болно гэж байна” гэхээр нь цувааны ард зогстол жижүүрийн байрны үүдэнд байсан хүн “Тойроод нөгөө талаар нь орчих” гэв. Нөгөө замаар нь тойроод өгслөө. Наана уулын энгэрт зогссон хогны машины жолооч ачигч нар аваачсан хогноосоо зэс утаснуудыг ялган авч шатаагаад үлдсэн хогоо цааш аваачиж асгадаг ажээ. Энд тэндгүй хог хөглөрсөн, хүчтэй салхинд хуйлран хийссэн, өгсөх бүрт хог нь ихэссээр нэлээд явлаа. Хүн амьдрах нь бүү хэл амьсгалахад ч хэцүү энэ газарт нээрээ хүн байгаа юм байх даа хэмээн дотроо бодсоор дээш өгссөөр уулын оройд гарав.

Энд тэнд хүмүүсийн хаясан матрас, гэрийн хаалга, хана, мод, паниар юу ч хамаагүй хольж босгоод гадуур нь янз бүрийн шуудай, уут, төмрөөр халхалсан оромж маягийн зүйлүүд хаа сайгүй харагдана. Бид л хог ачсангүй хэзээ ачих бол гэж хэрүүл уруул, хэл ам байнга хийдэг бол тэнд зогсоо зайгүй хогийн машин холдож, ачсан хогоо асгаад л шууд хөдлөх юм. Тэр тоос шороо, үнэр танар хүн тогтох аргагүй. Гэтэл яг тэр машинууд очоод хогоо асгаж байгаа хэсэгт үнэхээр асгасан хогон дээр нь том том шуудай барьсан хүмүүс түүж байх юм. Бид машинаасаа бууж авч очсон хоол ундаагаа буулгаад хүн ирэхийг хүлээн зогслоо. Ойрхон байсан 2, 3 хүн ирээд хоол ундаа авлаа. Нэг хүнд нэгийг гэж тоочсон ч “Гурвыг өгөөч, дахиад хоёр хүн байгаа. Дөрвийг өгөөч оройхон идье” гэхээр нь хүнд л буян хийж яваа юм чинь гээд хэлснээр нь өгөв. Үүнийг анзаарсан цаана байсан хүмүүс зарим нь гүйхээрээ ирж авцгаагаад явлаа. Тэнд байх хүмүүсийн хувцас хунар байгаа байдлыг энд дурьдаад илүүц биз. Дахин хоёр 50 гаруй насных болов уу гэмээр хоёр эрэгтэй хүн ирээд хоол ундаатай цуг авлаа. “Тэнд байх ногоон өнгийн байранд хөл муутай явж чадахгүй хүн хэвтэж байгаа. Нэгийг өгөөч аваачаад өгчихье” гээд биднээс баруун урд байх ногоон оромж руу заав. Тэгэхээр нь өгөөд явууллаа. Бараг 30-аад хүн ирээд хоол ундаатай аваад явсан ч бидний бэлтгэж очсон зүйл дууссангүй. “Тэр байранд хөл муутай хүн бий гэсэн нэмж аваачиж өгөөд ирье” гээд би хоёр хоол, хоёр ундаатай цуг бариад очлоо. Үнэхээр нэг хүн сууж байна. 60-аад насных болов уу гэмээр хоёр суга таяг хажуудаа тавьжээ. Хэдэн матрас нийлүүлж, гадуур нь ногоон өнгийн шуудайгаар бүрхэн уяж оромжоо босгожээ. Дотроо 2,3 матрас давхарлан орж зассан байна. Байгаа байдал нь хэзээ угаасан нь үл мэдэгдэх ямар өнгөтэйг нь ч өөрөө мартсан болов уу гэмээр уранхай цамц, жинсэн өмдтэй сууна.

Би ч үг өдөж таны бие сайн уу? гэвэл

-Дажгүй ээ. Ойрд суга таягтай босоод байгаа.

-Хөлөө гэмтээсэн юм уу?

-Өвөл хальтирч унаад бэртчихсэн. Эдгэж өгөхгүй байсан чинь дулаан ороод овоо гайгүй болж байх шиг байна.

-Эмнэлэгт үзүүлсэн үү?

-Бичиг баримтгүй, ийм зүс царайтай хүнийг ямар эмч тоох вэ дээ.

-Бичиг баримтаа яасан юм бэ?

-Архинд орж дампуураад хаясан уу, архины барьцаанд тавьсан уу өөрөө ч мэдэхгүй байна.

-Та энд хэр удаж байгаа вэ?

-Мэдэхгүй ээ. Нэлээд хэдэн жил болсон байх.

-Энд хүүхдүүд байдаг гэсэн хаана байгаа юм бол?

-Зуны дулаан орохоор заримыг нь хөдөө морь мал уядаг хүмүүс морио унуулахаар аваад явна. Зарим нь хөдөө гадаа ажил хийхээр явцгаана. Хүүхдийн байгууллагууд бас авч явдаг.

-Аан тийм үү. Маргааш наадам болно. Та хэд яаж баярлах уу?

-Бид ямар юмаараа баярлах вэ дээ. Өнөөдөр олсон хэдэн төгрөгөөрөө энэ хавийнхан архи авч ууна л биз. Нийгмийн орхигдсон хэсэгт тэр найр наадам, улс орон хамаатай гэж үү гээд чимээгүй болов.

Би ч чимээгүй босоод түүнийг орхилоо. Үнэхээр төрийн наадмын цаана нийгэмд орхигдсон тэдгээр хүмүүст улс төр, найр наадам хамаатай гэж үү хэмээн бодогдоод эргэн машиндаа очтол авч очсон хоол, ундаа маань дуусчээ. Төрд хаягдсан тэдгээр хүмүүс хоолоо идэцгээн энд тэнд 2, 3-аараа 4,5-аараа сууцгаан бувар бувар хийн үлдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *