Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагууд авлигын эсрэг хамтын хүчээр тэмцэнэ

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, сурталчлан таниулах, авлигын эсрэг ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төрийн байгууллагууд хамтран ажиллана. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцов.

“Авлигатай тэмцэх ажилд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо чухал. Цаашид авлигажсан, хүнд сурталтай төрийн үйлчилгээнээс татгалздаг хандлагыг иргэд, олон нийтийн дунд бий болгож, иргэдийн хяналтыг бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэж Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал хэлэв.

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 13-наас Авлигатай тэмцэх газрын долоон баг яам, агентлаг, нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагад нэг сарын хугацаанд ажиллах юм. Ажлын хэсгүүд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг хуулийн хэрэгжилттэй танилцах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үүрэг хүлээсэн байна.

Уулзалтад Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат оролцлоо. Тэрээр “Байгаа бодит нөхцөл, байдлаа үнэн мөнөөр нь гаргах нь чухал. Авлигатай тэмцэх ажлыг улс төр, улстөржилт, хувийн ашиг сонирхлоос ангид байлгах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ухуулан таниулах чиглэлээр хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахад анхаарах хэрэгтэй. Авлигаас ангид, авлигагүй Монгол Улсын төлөө төрийн өндөр албан тушаалтан, хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс онцгойлон зүтгэх ёстой” гэж яам, агентлагийн удирдлагуудад хэллээ.

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг УИХ 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан юм хэмээн Засгийн гарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *