Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргалаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Ашигт малтмалын тухай хуулийн төслийг дахин хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа нь ямар учиртай вэ. Алтны татварыг багасгах гэж оруулж ирж байгаа хуулийн төслийг хэлэлцэхийг хасах саналтай байна” гэлээ. ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн “Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний хуулийг хэлэлцэхээр яг тулаад тарсан. Харин энэ долоо хоногт энэ хууль харагдахгүй байна. Хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулмаар байна”, гишүүн М.Оюунчимэг “2019 он гараад Сүхбаатар аймагт 10 настай хүүхэд хурдан морины үсэргээний үеэр амь насаа алджээ. Яагаад энэ асуудлыг хэлэлцэхгүй байна вэ” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Бүлэг дээр шийдвэр гарлаа гээд Ашигт малтмалын тухай хуулийг чуулганы хуралдаанд оруулахгүй байж болохгүй. Хэлэлцэх асуудалд ороод явж байсан. ЗГХЭГ-ын дарга өнөөдөр хэлэлцэх асуудлаас хойшлуулж өгөөч гэсэн горимын санал гаргаж байна гэж ойлгож байна. М.Оюунчимэг гишүүний хурдан морины уралдааны үеэр хүүхэд эндсэн асуудал ноцтой. Үүнийг анхаарч ажиллах ёстой. Өвлийн уралдааныг уралдаж байх ёстой гэсэн байр сууринаас ярьж тайлбарладаг хүн байхгүй. Орон нутагт дур зоргоороо зохион байгуулж байгаа зүйлд яамд анхаарал тавьж ажиллах нь зүйтэй хэмээв.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Энэ бол морин уралдааны үсэргээний үе биш морины ажил хийж байх үед осолдсон гэсэн хариуг холбогдогдох газар өгсөн” гэсэн тайлбар хийв. Ингээд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг гишүүдийн олонх дэмжив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *