Categories
мэдээ нийгэм

Төрийн албанд томилогдох 732 иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ

Авлигын эсрэг хуульд заасны дагуу энэ сард төрийн 80 гаруй байгууллагын 25400 орчим албан тушаалтны 2017 оны ХОМ-ийн хураангуйг цахим хуудсанд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Ингэснээр АТГ улсын хэмжээнд мэдүүлгээ гаргадаг 40 гаруй мянган төрийн албан хаагчийн ХОМ-ийг иргэдэд нээлттэй мэдээлж хүргэлээ. Бүх төрийн албан хаагчийн ХОМ-ийг зарлаж мэдээлснээр иргэд энэ талын мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл боломж бүрдэж байгаа. Төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх төдийгүй цахим системийг сайжруулснаар албан тушаалтны хөрөнгө, орлогын өсөлт, бууралтад олон нийтийн зүгээс дүн шинжилгээ хийж, бодитой дүгнэлт өгөх боломжтой байгаа. Хамгийн гол нь иргэдийн хяналт, оролцоо эрчимжиж, төрийн албан хаагчдын хууль бус нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх нөхцөл байдал сайжирна гэж үзэж байгаа.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах үйл ажиллагааны хүрээнд ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Мон Атом” ХХК, “Гашуун сухайт” ХХК зэрэг байгууллагын 25 албан тушаалтанд хуулийн дагуу сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах зэрэг хариуцлага тооцуулсан байна. Дээрх байгууллагын удирдлагуудад авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна.

2018 оны 5 дугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 732 иргэний ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газраас ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, дээрх байгууллагуудад боловсон хүчний шилжилт хөдөлгөөн, томилгоо, сэлгээ ихээхэн хийгдсэн гэсэн үг.

ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар зөрчил гаргасан 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хүрээнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Гүнсэндарь нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадорж нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 58 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлээд байна. Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хувьд авч үзвэл албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтын зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл урьдын адил дийлэнх хувийг эзэлж байна.

Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан албан тушаалтнуудад цалинг бууруулах, ажлаас чөлөөлөх зэрэг хуульд заасан хариуцлага тооцуулсан. Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын цэцэрлэгийн эрхлэгч А.Должинсүрэн нь ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг ажилд томилсон, чөлөөлсөн. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Соёлын ордны дарга Б.Минжүүр нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг ажилд томилсон, чөлөөлсөн зэрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын орлогчоор Ч.Энхмааг томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *