Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түргэвчилсэн оношлуураар гадаадаас ирсэн иргэний коронавирусийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Гадаадаас ирсэн иргэний коронавирусийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарлаа. Энэ иргэн нь Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн. Бид Төв лабораторийн шинжилгээг хүлээлгүйгээр хүнээ яаралтай оношилж, илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношлуурыг ашиглаж эхлээд байгаа. Төв лабораторид мөн шинжилгээ хийж байгаа. Үдээс хойш хариу нь гарна.

Гуравдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй.

Мөн 17-нд ХӨСҮТ-д 1, Говь-Алтайд нэг, Сэлэнгэ аймагт хоёр нийт 4 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ тандалт судалгаа хийж байна.

Сорьцыг эхнээсээ авчирч, лабораторид шилжүүлээд байна.

Анхны тохиолдол болох Франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Харин өчигдөр илэрсэн тохиолдын биеийн байдал хүндэвтэр, бусад нь хэвийн байна.

Гэхдээ одоогоор бидний хяналтад байгаа хүмүүсийн биеийн байдалд ноцтой санаа зовоосон зүйл байхгүй” гэсэн мэдээллийг өглөө.

Үргэлжлүүлэн тэрбээр “Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдээ гаднын улсаас авчрах ажил дээр бүх салбар уялдаа холбоо сайтай, дүрмийн дагуу сахилга баттай ажиллана.

Хамгийн гол нь иргэдээ эгзэгтэй тохиолдол гарсан улс, орноос авчирч, эмчилж халдварын тархаахгүй байх зорилго тавин ажиллаж байгааг минь дэмжиж, сэтгэл санааны хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Бид эрэмбэлэн ангилалт хийж ХӨСҮТ-д өөр газруудаар хуваарилалт байрлуулж байна. Энэ түргэвчилсэн оношлуур ашиглах нь маш чухал гэдгийг чухал юм. Өөр хэсэгт хуваарилагдаж байгаа хүмүүст ч хийх төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 6 халдвар бүртгэгдэж байна.

  • Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.

Итали улсад сүүлийн 24 цагийн дотор шинээр 3 526 хүн коронавируст халдвар авч 345 нь нас барсан байна. Нийт нас баралтын тоо 2 500 давжээ гэж ЭМЯ-наас өнөөдөр мэдээллээ.

Тус улсад шинээр “COVID-19” халдвар авсан хүний тоо 12.6 хувиар нэмэгдсэн ч өмнөх өдрүүдтэй харьцуубал хамгийн бага үзүүлэлт болоод байна. Гэхдээ халдварын голомт болоод буй Ломбарди мужид нөхцөл байдал хүнд хэвээр байна. Ялангуяа тус мужийн Бергамо хотод эрчимт эмчилгээний ор байхгүй хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна.

Мөн ХБНГУ-д халдвар авсан хүний тоо 2 000-аар нэмэгдэж, 9 хүн нас барсан байна. “COVID-19” халдварын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа тул тус улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс эрсдэлийн үнэлгээ хийж, өндөр гэсэн зэрэгт шилжүүлсэн гэж ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа онцоллоо.

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 1,337 иргэн ажиглалтын байранд байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 300 тохиолдлыг сэжигтэй гэж үзэн шинжилгээнд хамруулж, таван тохиолдлын онош батлагдаж халдвартай нь тогтоогдсон.

Өнөө шөнө Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирэх иргэдийн тоо яг нарийн тодорхой биш байна. Бидэнд урьдчилсан байдлаар 252 зорчигч ирнэ гэсэн мэдээлэл өгсөн. Эдгээр иргэнийг Зүчи зочид буудал, Бага баянгийн амралтын газар, Асралтмед эмнэлгүүдэд тусгаарлахаар бэлтгэлээ хангаж байна. Голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах бэлтгэл ажил мөн хангагдсан.

Урьдчилсан байдлаар тус онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирэх мэдээлэл өгсөн учраас эрчимт эмчилгээний эмчийг шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлүүлэхээр явуулсан.

Тусгаарлах байруудад ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна. Шаардлагатай тохиолдолд эмч нар очоод тусламж үзүүлж байгаа.

ОХУ-аас ирэх иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа учраас Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зочид буудал, тусгаарлах байр эмнэлгийн мэргэлжилтнүүдийг холбогдох албаныхантай хамтран бэлтгэж байна.

Эрүүл мэндийн салбар халдварын тохиолдол нэмэгдэхэд тухайлбал нэг тохиолдол гарвал, 10 болвол, 100 болвол яаж ажиллах вэ гэдэг дээр төлөвлөгөө гаргасан түүнийгээ баримтлан ажиллаж байгаа. Эмнэлгийн орнууд дүүрээд гадаадын бусад оронд байгаа шиг нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдэг төлөвлөлтөө мөн хийсэн. Гэрээр эмчлэх заавар зөвлөмжийг гаргаад ажиллаж байна.

Түүнчлэн бусад эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдалд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн үзэлгийн 2.5 хувийг эзэлж байгаа.

ДЭМБ-ын аргачлалаар халдвар тархах, хүндрэх, маш хүндрэх үед авах арга хэмжээг тооцоолж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 600 ор байгаагаас хүүхдийн болон амаржих эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орыг хасаад үлсэн орнуудыг COVID-19 халдварын үед ашиглах талаар төлөвлөлт хийсэн.

Өнөөдөр 15:00 цагаас БНХАУ-ын эрдэмтэд, эмч нартай цахим хурал хийхээр болсон. Тус хурлаар эмчилгээнд ямар эм тариаг түлхүү хэрэглэж үр дүнд хүрэв гэдгийг ярилцана.

Иргэдэд маань аливаа шинж тэмдэг илэрвэл юуны түрүүнд утсаар зөвлөгөө аваарай” гэлээ.

Биеийн байдал нь хүнд ирж байгаа хүүхдийн хувьд АНУ-д эмчлүүлээд ирж байгаа бөгөөд COVID-19 халдварын улмаас бус өөр өвчнөөр өвдсөн гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нэмж хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *