Түрээсийн орон сууцын бүртгэлд хамрагдах хүсэлтэй иргэдийг өнөө өглөөнөөс бүртгэж эхэлсэн. Өнөөдөр болон маргааш “Буянт Ухаа I” хороололд зарлагдсан түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэд бүртгүүлэх юм. Өчигдөр өглөөний 09.00 цагаас эхлэн иргэд ТОСК-ийн үүдэнд дугаарлаж, зарим нь шөнө машиндаа сахиж хоножээ. Мөн зарим иргэд үүрийн 05.00 цагт ТОСК-ийн үүдэнд ирж, дугаарласан байна. Харин бүртгэлийн ажил өглөө 08.30 цагт эхэлж иргэдийг дарааллын дагуу бүртгэж буй ч бүрдүүлэх бичиг баримт дутуу гэх шалтгааны улмаас эргэж буцан арын иргэддээ хүлээлт үүсгээд байгаа аж. Бүртгүүлэхээр ирсэн ахмадууд бухимдалтай байгаа ба тэд хэлэхдээ “ТОСК ямар ч зохион байгуулалтгүй ажиллаж, иргэдэд хүндрэл учруулж байна. Өглөө эрт ирж дугаарласан иргэдийг дугаарынх нь дагуу оруулах ёстой. Гэтэл өчигдөр дугаар авч нэрээ бичүүлсэн гэх хүмүүс гарч ирээд байгаа учир эмх замбараагүй байдал үүсч, урдуур дайрах тохиолдол гараад байна. Мөн журамд заагаагүй өөр олон бичиг баримт шаардаж байна.” гэлээ.
Энэ талаар ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ “Бид өмнө нь мэдэгдэл хийхдээ бүртгэлийн өмнөх өдөр нь ирж хонож дугаарлахгүй байхыг ахмадуудаасаа хүссэн. Байгууллагаас зохиож буй ажилд дэг журамтай оролцвол богино хугацаанд олон хүн бүртгэх боломжтойгоо ч хэлсэн. Харин ахмадууд маань дур мэдэн өөрсдөө дугаар бичиж, дугаарлахаар ирсэн иргэдэд бид өмнө нь дугаар авчихсан байсан гэх мэт зөрчилдөөн үүсгээд байна. Бидний зүгээс иргэддээ ирээд бүртгүүл, хэрвээ энэ хоёр өдөртөө бүртгүүлж амжихгүй бол дахин хоног гаргаж бүртгэж өгнө гэж хэлж байгаа. Дээрээс нь энэ ажлыг санаатайгаар, зохион байгуулалттайгаар үймүүлэх гэсэн хэд хэдэн тохиолдол гарсан. Харин бичиг баримтын асуудлын хувьд журмын дагуух бичиг баримт шаардаж байгаа. Гэвч хорооныхоо тодорхойлтыг зөвхөн иргэн Дорж гээд өөрийнхөө нэр дээр л бичүүлж авч ирэх гэх мэтээр буцаагдаж байгаа. Тухайн хаяг дээр бүртгэлтэй байдаг бусад хүмүүсийнхээ ч тодорхойлолтыг авчрах ёстой. Жишээлбэл, магадгүй нэг гэрийн хүмүүс аав нь өндөр настанаар, ээж нь хувийн хэвшлээр, хүргэн нь төрийн албан хаагчаар гэх мэт энэ долоон бүлгээр зэрэг ороод ирэх магадлал их байгаа учраас бид тухайн хаяг дээр бүртгэлтэй иргэн бүрийн мэдээллийг авах шаардлагатай байгаа юм. Нэг өрх бол нэг л байрыг түрээслэх учиртай.” гэв.
Бүртгэл яг одоо ТОСК-ийн байранд үргэлжилж байна.
Ж.ХУЛАН