УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, санал нэгджээ. Харин Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 100 хувь дэмжиж, УИХ-аар яаралтай хэлэлцэхээр болжээ. Мөн ахмад настан болон залуу гэр бүлийг хамруулахад анхаарахаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн байна.
Бүлгээс мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлжээ.