Categories
мэдээ нийгэм

Төмөр замын засварын ажил 80 хувьтай байна

УБТЗ ХХН-ийн хэвлэл мэдээллийн албанаас авсан мэдээллээр осол гарсан Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замын сэргээн босголтын ажил өнөөдрийн 15.00 цагийн байдлаар 80 хувьтай явж, 2 селекцээс бүрддэг зүтгүүрийн сүүлийнхийг босгож замаа чөлөөлж дуусч байна, төмөр замын хөдөлгөөнийг өнөөдөртөө багтан сэргээж нээнэ гэлээ.

2 селекц бүхий зүтгүүрийн нэг нь гэхэд 120 тонны жинтэй учир босгоход хүн хүч, цаг хугацаа нэлээн орж байгаа ажээ. Бусад суудлын болон ачааны вагоны хувьд бүгдийг замаас холдуулж босгон, төмөр замыг чөлөөд байгаа аж.

Энэ дашрамд УБТЗ-ын удирдлагаас тэргүүн Д.Жигжиднямаа үүрэг ажлаасаа чөлөөлөх өргөдлөө өгч байгаа талаар УБТЗ-ын хэвлэл мэдээллийн алба энэ бол баталгаагүй мэдээлэл гэсэн хариу өглөө. Энэ талаар тус байгууллагаас мэдэгдэл гаргаад байна. Үүнд, “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа эрүүл мэндийн шалтгаанаар халагдах өргөдлөө өгсөн тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нь ташаа болохыг мэдэгдэж байна. Энэ нь байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг даван туулахын төлөө төмөр замчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ үеэр УБТЗ-ын даргыг өөрчлөхийг санаархсан хэсэг бүлэг хүмүүсийн зориуд тарааж байгаа зохион байгуулалттай үйлдэл болохыг анхааруулж байна. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа байгалийн гамшгийг даван туулах сэргээн босголтын ажлыг гардан удирдаж төмөр замын хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байна” гэжээ.

Тодруулга: Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замын сэргээн босголтын ажил явагдаж төмөр зам хараахан нээгдээгүй байгаа учир урд чиглэлийн галт тэрэгний зорчигчдыг зарим өртөөнд хэсэгчлэн буулгаж, автобусаар тээвэрлэх зэргээр өртөөчлөн тээвэрлэж байгаа гэсэн мэдээлэл ирж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *