Categories
мэдээ улс-төр

Төмөр замын салбарт БНСУ-тай хамтарна

Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээл болох БНСУ, Японд хүргэх зорилгоор манай улс төмөр замын салбарт хамтын ажиллагааны шинэ гарц нээж байна. Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улс, БНСУ-ын хооронд төмөр зам, дамжин өнгөрөх тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар дамжуулан гуравдагч зах зээлд гаргахад анхаарч ажиллах юм. Манай улсын төмөр замын салбарын орлого 2015 оны эхний 9 сард 283 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 26 тэрбум төгрөг буюу 8.6 хувиар буурчээ. Эдийн засаг хумигдаж байгаа ийм үед гуравдагч зах зээлийг бий болгох чиглэлд манай төмөр замын салбарынхан гол анхаарлаа хандуулж байна. Энэ хүрээнд хийж байгаа ажлын нэг нь өнөөдрийн хамтын ажиллагааны гэрээ гэдгийг талууд тодотгож байна.

Энэ талаар БНСУ-ын Үндэсний төмөр замуудын сүлжээ “Korail” корпорацийн ерөнхийлөгч Чой Ёон Хей “Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Өмнөд, Хойд Солонгост гаргах гол гарц нь төмөр замын салбарын хамтын ажиллагаа гэж бид харж байна. Санамж бичгийг байгуулснаар цаашдын хамтын ажиллагааны олон гарц нээгдэж байгаа юм” гэлээ.

Зэсийн баяжмал, нүүрс гэсэн уул уурхайн баялгаа олон хэрэглэгчдэд хүргэх гарц уг гэрээг үзэглэснээр бүрдэж байгааг Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар онцолж байна. Манай улс БНАСАУ-ын Ражин боомтоор дамжин төмөр зам тавьж далайд гарцтай болох ажлыг энэ оноос мөн эхлүүлээд байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *