УОК-ын даргын шийдвэрээр “УБТЗ” ХНН-т байгуулсан төмөр замын салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн “COVID-19”-ийн халдварын тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.
УБТЗ ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар төмөр замын ажилтан 15.956 хүнээс 15.916 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа зэрэг шалтгаанаар 40 хүн хамрагдаагүй байна.
Төмөр замын хэмжээнд өдөр тутмын 2119 ажлын байр, 85,930 м ам дөрвөлжин талбай, мэргэжлийн байгууллагын 323 ажлын байр, 23,612 талбай, 118 зүтгүүр, ачааны 600, сэлгээний 122 галт тэрэг, 6459 вагон, чингэлгийг ариутган халдваргүйжүүлжээ. Өмнөх шуурхай хурлууд дээр ЗТХ-ийн сайдын өгсөн 132 үүрэг, даалгаврын 129 нь бүрэн биелж, гурав нь биелэх шатандаа байна.
Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байна. Өнөөдрийн Шуурхай бүлгийн хурлыг удирдсан ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур:
- Эрээнцавын боомт нээгдсэнтэй холбогдуулан Баянтүмэн тасаг халдвар хамгаалын журам батлуулж мөрдүүлэхэд анхаарах,
- Замын-Үүд-Эрээний галт тэрэг солилцоонд анхаарал хандуулж, тоог нэмэгдүүлэх талаар ажиллах,
- УБТЗ-ын 11 дүгээр сарын ачаа тээврийн мэдээллийг яаралтай гаргаж танилцуулах,
- “COVID-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу Шадар сайдын ажлын албанаас Журмын төсөл боловсруулж батлах ажлын хэсэгт орох хүнийг тодорхой болгож ажиллуулах зэрэг үүрэг чиглэл өглөө.