Р.Дамба
Приустэйгээ
Түүний бүтээсэн машин нь гурав болоод дөрвөн дугуйтай байх. Бензин болон 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй нь ч бий. Анх 1985 онд ДТ-75 буюу гинжит тракторын кабин моторыг ашиглаж дөрвөн дугуйт болгожээ. Шууд хэлбэл гинжит тракторын бүхээг, моторыг авч энгийн тракторын дөрвөн дугуй явах эд ангийг холбосон нь амжилтынх нь эхлэл гэнэ. Ийн эрлийз трактор бүтээсэн нь тухайн үед нэгдэл нийгмээс сайшаал дагуулж Архангай аймгийн хэмжээнд яригджээ. Мэдээж хэрэг түүний үйлдвэрлэсэн эрлийз тракторт орсон бүх эд зүйл нь нэгдэлд ашиглагдаж байгаад актлагдсан байж. “Хаягдлаар хүчит техник хийлээ” хэмээгдэж Хашаат сумандаа од болон гялалзжээ. Түүнээс хойш 1990 оны эхээр мод төмөр оролцуулан дахин нэг машин бүтээсэн нь он цагийн эрхэнд элэгдэж одоо байхгүй болжээ.
Түүний
зохион бүтээсэн “ЗИЛ-130”
Харин 2000 оны үед эрлийз тракторынхоо бүхээгт суурилуулж “Зил 130”-тай төстэй ачааны тэрэг бүтээсэн байна. Тэвшнийх нь шалыг пийшингийн төмөр, хашлагыг цагаан орны толгой, хойд дугуйг белорусын чиргүүл, урд дугуйг мотоциклийн обуд ашиглан бүтээжээ. Харин явах эд анги нь тун хялбар. Экселийн мотор, УАЗ-469 машины очлуурын систем, “волга”-ийн ус, хөргүүрийн системийг холбосон нь 300 кг хүртэлх ачаа даах, 50 км цаг хүртэл хурдлах хүчин чадалтай байжээ. Онцлог нь радиаторыг нь бүхээг дотроо байрлуулсан нь өвлийн цагт халаалтын асуудлыг шийдэж өгсөн байж. Үйлдвэрлэгдсэнээсээ хойш арав гаруй жил болсон энэхүү техник нь өнөөдөр дугуйгүй байгаа бөгөөд намрын ажил эхлэхэд сэлбэж засварлах бодолтой байгаагаа Р.Дамба хэлж байлаа.
Харин сүүлд буюу гурав дөрвөн жилийн өмнө шатахуунаар ажилладаг, өнгөрсөн хавар 100 хувь цахилгаанаар ажилладаг гурван дугуйт бүтээсэн нь өнөөдөр түүний хөл дүүжлэх унаа нь болжээ. Мөн л Хятад мотоциклийн мотор, экселийн кропыг тохируулсан нь анхаарал татна. Эдгээр төмөр хүлгүүд нь 20-30 км цаг хүртэл хурдлах боломжтой бол хоёр хүн, мөн хэмжээний ачаа даах хүчин чадалтай гэж байгаа. Хашаат сумынхан Төмөр Дамбын “пруис” гэж цахилгаан машиныг нь нэрлэх болжээ.
Ер нь Хашаат нутгийнхан Р.Дамбыг бүтээж, сэтгэхийн төлөө төрсөн хүн гэлцдэг юм билээ. Тухайлбал Хашаат суманд найман айлын орон сууцыг барихад шатыг нь нарийн хийчихэж. Тэгээд барилгын ажилчид “Дамба ахаа. Шатаа нарийн болгочихлоо. Одоо яах вэ” гэтэл зүгээр “Ах нь лифт хийгээд өгье” гэчихээд явж оджээ. Хоёр хоногийн дараа ямар лифт хийх болсноо цаасанд буулгаж зургийг нь зурчихаад ирж байсан гэлцэнэ.
Л.МӨНХ