Түймрийн нөхцөл байдлын мэдээллийг сонсож, тодорхой үүрэг чиглэл өгсөн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх, ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү нар Онцгой комиссын хуралдаанаас шууд түймрийн голомтод очин ажиллаж байгаа аж.
Тэрээр өнөөдөр Онцгой комиссын хуралдаан дээр “Онцгой байдлын удирдлагууд байнгын мэдээлэл өгч ажиллаж байна. Би бас газар дээр нь очлоо. Бат-Эрдэнэ сайд өчигдөр Батсүмбэр явж ажилласан. Ерөнхийдөө түймрийг цурманд оруулах хүч очсон, газар дээр нь ажиллаж байгаа. Цаашид зайлшгүй байдал үүсвэл зэвсэгт хүчин болон бусад газруудын албан хаагчдыг хамруулан ажиллуулна. Ард иргэд санаачлага тавьж байгаад талархаж байна. Залуучууд өөрсдөө санаачлага гарган ажиллаж байна. Гэвч аюулгүй байдал талаасаа хүндрэлтэй. Сайтар зохион байгуулалттай ажиллах ёстой.
Түймрийн голомтод анх удаа очиж байгаа хүн заавал онцгой байдлын мэргэжлийн сургалтад хамрагдсан байх учиртай гэдгийг манай ард иргэд ойлгох хэрэгтэй. Ард иргэдийн зүгээс үзүүлж байгаа сэтгэл санааны болон эд хөрөнгийн туслалцаа, өөрсдөө явж ажиллая гэсэн энэ сайхан эх оронч сэтгэлийг талархан хүлээж авч байгаагаа хэлье. Холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлаа маш сайн хангах хэрэгтэй шүү дээ.
Дээрээс нь та бүхэн амралтаа аваад ийш тийшээ явж болохгүй. Бүгдээрээ хэлхээтэй холбоотой хамтарч ажиллана. Зарим нэг нь гадагш дотогш явсан бол түүнийг орлох албан тушаалтныг заавал тохоон томилж байх хэрэгтэй. Онцгой байдлын бригадын генералтай байнга холбоотой байх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.