Mөнгөний нийлүүлэлт энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Үүнд,
- Төгрөгийн хадгаламж 2.5 (16.3%) их наяд төгрөгөөр
- Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 78.9 (9.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.
Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах данс дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлдог бага мөнгө (M1) наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр зургаан их наяд төгрөг болж, өмнөх сараас 104.7 (1.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 306.4 (5.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Бага мөнгийг харвал:
- 5.3 (87.9%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах
- 728.2 (12.1%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байгаа аж.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр нэг их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 23.1 (2.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 71.7 (6.6%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.
Түүнчлэн гадаад цэвэр актив наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр -251.8 тэрбум төгрөг болжээ. Харин дотоод цэвэр актив 27.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 264.4 (1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс таван (22.5%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.
График. Мөнгөний нийлүүлэлт, байршуулалт талаас, сараас
ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ ₮4.6 ИХ НАЯД БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 457.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУЮУ 11%-ААР ӨСЖЭЭ
Төгрөгийн хадгаламжийн тухайд наймдугаар сарын эцэст 12.8 их наяд төгрөг болсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөгөөр буюу 16.3% буурчээ.
Төгрөгийн хадгаламжийг харвал:
- 89.5 хувь (11.5 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж
- 10.5 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 43.6 тэрбум төгрөгөөр буюу нэг хувиар, өмнөх оны мөн үеэс 457.5 тэрбум төгрөгөөр буюу 11.1%-аар өсжээ.