Categories
мэдээ нийгэм

Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг зарим удаашралтай байгаа ажлуудыг шалгав

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүхээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өчигдөр зарим бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.

Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, 57 метрийн урттай гүүрийн ажлын явцыг шалгаж, хөдөлгөөнийг нээхэд тулгарч байгаа асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэлээ. Дөрвөн эгнээ хатуу хучилттай, 14 метрийн зорчих хэсгийн өргөнтэй, хоёр талдаа ногоон байгууламж, явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам ашиглалтад ороход бэлэн болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Р.Индра хэлэв. Мөн уг хэсэгт хөрсний ус ундарч байсныг нийслэлийн Геодизи усны барилга байгууламжийн газар шуурхай ажиллаж 4150 метр куб усыг соруулж түвшинг нь доошлуулсан, цаашид геологийн судалгаа хийж, зураг гаргах шаардлагатай талаар албанхан тайлбарлав.

Иргэдийн зүгээс замын хөдөлгөөнийг нээхээс гэрэлтүүлэг болон тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч тавьж өгөх, хөрсний ус ундарч байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх замын орц гарцыг нээх, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээг ирэх долоо хоногт байршуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн хөрсний ус ундарч байгаа асуудалд анхаарал хандуулж ажиллах болно гэв. Энэхүү зам ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсэж , хотын төвийг тойрсон гол гудамж зам болох бөгөөд улмаар тухайн бүсийн авто замын түгжрэлийг бууруулж, хөдөлгөөнийг жигд хувиарлах ач холбогдолтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *