Categories
мэдээ цаг-үе

Цувималаас эхлээд ган хүртэл бүгдийг хийнэ

-ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН
ҮЙЛДВЭРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨЖ БАЙНА-

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт их бүтээн байгуу­лалтын ажил ид өрнөж
байна. Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барих ажил хийгдэж байгаа
юм. Сүүлийн хэдэн жил үйл ажиллагаа нь доголдож “амь” тавих дээрээ тулаад байсан  Дарханы төмөрлөгийн үйлд­вэр Монгол Улсын гангийн
дотоодын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай цог­цол­бор бий болгохоор ажиллаж
байна. Энэ талаар сурвалжлахаар Дарханы төмөр­лөгийн үйлдвэрийг зорин очсон юм.

ХАЯГДАЛ ТӨМРИЙН НӨӨЦ ДУУСЧЭЭ

Биднийг очих үед хаяг­дал төмрийг дахин боловс­руулж барилгын  арматур цутгах зэрэг анх байгуулагдсан цагаасаа
хийж байгаа бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж байв. Биднийг төмөрлөгийн үйлдвэрийн цувих
хэсгээр ороход арматур цувиж байлаа. Уртаас урт улайссан төмрийг үйлдвэрийн цувих
шугам дээгүүр арав гаруй метр секунд хурдтай гулгуулах аж. Улайссан урт төмрийг
хайчлах хэсэгт очихоос өмнө хурдыг саа­руулж, нягтаршуулдаг бай­на. Дараа нь нэгэн
ижил хэм­жээгээр хайчилж байв. Ингээд иржгэр болгож хэвлээд хөргөх хэсэгт байршуулан
хэр чанартай болсныг шал­гах зэрэг ажил хийгдэж бай­лаа. Ингэж барилгын үндсэн бүтээгдэхүүн
арматур буюу туйван бэлэн болох юм.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн
арматур төмөр Япон улсын технологиор хийгддэг боло­хоор чанарын хувьд маш өндөр
үзүүлэлттэй байдаг гэнэ. Япон улсын хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байдаг
учир барилгын арматурыг хамгийн чанартай, бат бэх стандартаар хийдэг ажээ. Мөн хуурай
соронзон аргаар төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр ашиглалтад оржээ. Харин гол ажлуудын
нэг болох төмрийн хүдрийг ной­тон аргаар баяжуулах үйлдвэрийн ажил хийгдэж байв.
Тоног төхөөрөмжүүдийг нь угсраад дуусах шатандаа оржээ. Цахилгаан станц ашиг­лалтад
орох, мантаж хийгдэх, үйлдвэрийн тоног төхөө­рөмжийн тохиргоог хийх зэрэг ажлууд
хийгдэж байлаа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Японы Засгийн газрын  тусламжтайгаар 1993 онд байгуулж байсан түүхтэй.
Өнгөрсөн жил  20 жилийн ойгоо тэмдэглэсэн
байна. Анх Дархан Сэлэнгийн бүсийн төмрийн ордуудыг түшиглэсэн хар төмөрлөгийн цогцолбор
үйлдвэрлэл хөгжүүлэхээр төлөвлөж байгуулж байжээ. Гэвч төмрийн хүдрийн уур­хайг
огт ашиглаж чадахгүй шахам байсаар өдий хүрсэн юм. Үйлдвэрийг жилд 100 мянган тонн
цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар барь­сан байдаг гэнэ. Гэвч бай­гуулагдсан
цагаасаа хойш хүчин чадлынхаа 30-60 хувийг л ашиглаж ирсэн байна. Гол түүхий эд
нь  хаягдал төмөр. 1990 оны дунд үеэс
2008 он хүртэл хаягдал  төмрийг иргэд ихээр
тушаадаг байжээ. Газар тариалангийн тоног, төхөөрөмжөөс эхлээд трактор, комбайны
эд анги гээд сайн чанарын хаягдал төмрөөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр хангагдаж
байжээ. Харин сүүлийн жилүүдэд хаягдал төмөр тушаадаг хүмүүсийн тоо эрс цөөрч, чанар
ч мөн муудсан байна. Одоо ирж байгаа хаягдал төмөр гэвэл аваарт орсон автомашин,
авто засварын газруудаас ирж байгаа мотор кроп, амортизатор гэнэ. Тиймээс дан ганц
хаягдал төмрөөр үйл ажиллагаа явуулна гэдэг бүтэшгүй зүйл болжээ. Дарханы төмөрлөгийн
үйлдвэр сүүлийн таван жилд дунджаар 50-60 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Энэ нь  дотоодын хэрэгцээний 20 хүрэхгүй хувийг
хангаж байгаа аж. Хаягдал төмрийн нөөц дуусаад ирэх үед Төмөр­тэй, Төмөртолгой,
Хуст-Уулын төмрийн ордыг 2009 оноос ашиглаж эхэлсэн байдаг. Мөн хуурай соронзон
аргаар баяжуулах үйлдвэрийг ашиг­лалтад оруулсан байна.  Дар­ханы төмөрлөгийн үйлдвэрийн Хөгжлийн бодлого
хариуцсан дэд захирал К.Энхчулууны хамт нойтон аргаар төмрийн баяжуулах үйлдвэрийн
бариг­даж байгааг сонирхлоо. Арав гаруй ажилтан гагнуур хийж байхад нь орлоо. Тоног
төхөө­рөмжийн угсралтын ажил хийгдээд дууссан ч бага зэргийн гагнуур хийх ажил үлдээд
байгаа аж. Ной­тон аргаар төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр барьж байгаа ажилтнууд
“Бид Монго­лын тусгаар тогтнолын илэрхийлэл болсон гангийн үйлдвэрийн эхлэлийг угс­раад
байж байна. Удахгүй ашиглалтад оруулна” гэв.

 НОЙТОН АРГААР БАЯЖУУЛЖ, АНГИЖРУУЛСАН
ТӨМӨР ГАРГАН АВАХ  ҮЙЛДВЭР ИРЭХ АРАВДУГААР
САРД АШИГЛАЛТАД ОРНО

Төмөртэйн ордод АНУ-ын “Трио” фирмийн 750 тонн цагийн хүчин чадалтай
үйлдвэр суурилагдаад дуус­сан гэнэ. Хуурай төмрийн хүдрийг соронзон аргаар баяжуулс­ны
дараагийн үе шат нь нойтон аргаар баяжуулах үйлдвэр аж. Энэ үйлдвэр нэг сая тонн
хуурай соронзон аргаар баяжуулсан хүдрээр тэжээгдэж, 650 мянган тон­нын нойтон баяжмал
боловс­руулна гэсэн тооцоо гаргажээ. Төмрийн хүдрийг гурван орд газраас  олборлоод Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү татах. 

Олборлосон төмрийн хүдрээ хуурай болон ной­тон аргаар баяжуулан, гарсан баяжмалыг
шууд ангиж­руулсан төмөр болгох юм байна. Ангижруулсан төмөр нь  ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн түүхий эдтэй
болдог байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ган үйлдвэрлэх түүхий эд болох ангижруулсан
төмөртэй болох ажил ийнхүү хийгдэж байна. Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уул зэрэг
төмрийн хүдрийн нөөц ихтэй газруудаас олборлосон хүд­рээ хуурай соронзон аргаар
баяжуулаад нойтон аргаар дахин баяжуулан ангиж­руул­сан төмрөөр ган үйлдвэрлэх гэнэ.
Энэ бүгдийг нийлүүлээд “Уул уурхай, металлургийн цогцолбор” гэж нэрлэжээ.  Дарханы Төмөрлөгийн үйлд­вэрийн одоогийн үйл ажиллагааг
өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийх, төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэх хуурай
соронзон сепаратор, нойтон аргаар баяжуулах үйлдвэр, шууд ангижруулсан төмрийн үйлд­вэр
шинээр барих, дэд бүтцийн хувьд уурхайгаас Дарханы төмөрийн үйлдвэрт хүргэх  33.4 км төмөр зам, ачиж буул­гах терминал байгуулах,
уурхай хүртэл 110кВт-ын цахил­гаан дамжуулах 50 км агаарын шугам, өргөтгөл, дэд
станц барих гэсэн нөр их шат дараалсан ажил хийгдэж байна. 

 ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАРИХ АЖЛЫН ТЭЗҮ-Г КАНАДЫН “Hatch” КОМПАНИ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ

Монгол ган үйлдвэрлэхэд тохирох технологи, хүчин чадал, ашиглагдах
материал зэргийг нарийвчлан судалсны дүнд Финланд болон Японы технологи тохиромжтой
гэж үзээд  хоёр компанитай гэрээ байгуулан
тоног төхөөрөмж авах гэрээ байгуулан ажиллаж байгаа гэнэ. Нойтон аргаар төмрийн
хүдрийг баяжуулан ангижруулсан төмөр гаргаж авсны дараа өндөр хүчин чадал бүхий
гангийн үйлдвэр барих гэнэ.  Шууд ангижруулсан
төмрийн үйлдвэрийн ТЭЗҮ-г Канадын “Hatch” компаниар хийлгэх ажил эхэлжээ.
“Hatch” компанийн хувьд гангийн салбарт дэлхийд тэргүүлдэг компани гэсэн. Гангийн
үйлд­вэр барих туршлагын  дэлхийд алдартай
компани юм байна. Дээрх ажлуудыг 2017 он хүртэл хийж гүйцэтгээд цогцолбор болгон
ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж.

 МОНГОЛЧУУД 2017 ОН ГЭХЭД ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРТОЙ БОЛНО ГЭВ

Манай улсын гангийн хэрэг­цээ жилээс жилд нэмэгдэж байгаа гэдгийг
Дарханы төмөр­лөгийн үйлдвэрийн Хөгж­лийн бодлого хариуцсан дэд захирал К.Энхчулуун
хэлж байв. Түүний хэлснээр  манай улс
2009 онд ган туй­ван­гийн жилийн нийт хэрэглээ 71 мянган тонн байжээ. Харин
2012 онд 290 мянга болж дөрөв дахин өссөн гэх тоог судалгаагаар гаргажээ. Өнөө жилийн
хувьд 300 гаруй мянган тонн ган хэрэглэх тооцоотой байгаа гэнэ. Ган­гийн хэрэглээ
жилээс жилд  нэмэгдэхийн хэрээр гадагшаа гарах
валютын хэмжээ ихэсч байгаа аж. Ган их хэмжээ­гээр гадаад орнуудаас худал­даж авч
байгаагаас үүдэн ам. долларын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, үнэ нь өдрөөс өдөрт нэмэгдээд
байгаа гэнэ. Хөгжилд хүрсэн орнуудын өндөр хөгжилд хүрсэн түүхийг судалж үзэхэд
хөрөнгө мөнгөний хуримтлал бий болонгуут гангийн үйлдвэр барьсан. Гангийн үйлдвэрээс
эх үүсвэрээ авч аж үйлдвэрлэл нь хөгждөг байна. Мөн хадаас, халбага, сэрээ, төмпөн
шанага, төмөр утаснаас эхлээд буу, сум, танк, автомашин гээд гангийн үйлдвэр улс
орны тусгаар тогтнолыг зарладаг чухал салбар Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2017 он
гэхэд цогцол­бор болон ашиглалтад орс­ноор эхний ээлжинд 38 төрлийн бүтээгдэхүүн
үйлд­вэрлэж эхлэх гэнэ. Энэ талаар  Дарханы
Төмөрлөгийн үйлд­вэрийн дарга Д.Батжавхлантай ярилцснаа дараагийнхаа дугаарт хүргэх
болно.

 Үргэлжлэл
бий

Э.ХҮРЭЛБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *