Дэлхий нийт болон Монгол Улс сүүлийн хэдэн жил твиттер, фэйсбүүк гэсэн хоёр ертөнцтэй болсон. Твиттер, фэйсбүүкийн ертөнцтэй бидний анхны сонгууль өнөө жил болно. Хүн төрөлхтөн, тэр дундаа монголчууд бид цахим ертөнцийг өдөр тутмынхаа салшгүй нэг хэсэг болгосноор амьдралын их зүйл өөрчлөгдөж байна. Урьд нь өөрт таалагдахгүй бүхнээ гэртээ суугаад элдвээр харааж зүхдэг байсан хүмүүс олон нийтийн сүлжээгээр бухимдлаа илэрхийлж байна. Ингэж хувь хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа нь олон нийтэд нөлөөлөх хандлагатай болчихлоо. Нэг ёсондоо хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө бүрэн эдэлж байна. Өнөөдөр твиттер, фэйсбүүкийн ертөнц нийгэмд сайн, муу гэсэн хоёр нөлөө үзүүлж байгаа. Мэдээж хэрэг сайн нөлөө нь илүү давамгай. Харин манай Монголд сүүдэртэй, сөрөг тал нь нийгмийн сэтгэлзүйг жолоодоод байгаа нь айхтар санагдаж байна. Ялангуяа хэдэн жиргээч нөхөд байдаг. Тэд яг л цөөвөр чонын зарчмаар ажилладаг. Цөөврүүд нэг амьтныг сүргээс нь тасдаж аваад хөөчихнө. Зогсоо зайгүй элдсээр байгаад унагаж авдаг. Тэгж байгаад өнөөхийгөө хэдэн талаас нь мэрсээр барьж иддэг. Яг л энэ зарчим ажиглагдаад байгаа юм. Гурван жилийн өмнө тавгийн боов буруу өрлөө гээд хоёр үйлчлэгч бүсгүй рүү зогсоо зайгүй дайрсаар байгаад ажилгүй болгож байсан даа. Угтаа ажилгүй болсон хоёр үйлчлэгч бүсгүй өөрийн дураар ингэж өрөөгүй юм. Цаанаасаа хувь хүний захиалга байсан нь сүүлд ил тод болж байлаа.
Бас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг алиа салбадай болгон хувиргах ажлыг “цөөврүүд” л хийсэн. Тэд өдөр шөнө, өглөө оройгүй зогсоо зайгүй боорлосон. Инээж байгаа зурагнаас нь нүүр хэсгийг тасдаж аваад есөн шидээр эвлүүлэн муулаад байсан. Үр дүнд нь Монголын нийгэмд Н.Алтанхуяг шиг муу хүнгүй болоод, эцэстээ Ерөнхий сайдаар ажиллуулаагүй. Фортуна Н.Батбаяр байна. Сайд байхад нь мөн л элдвээр хэлсээр байгаад унагаж байлаа. Одоо Хөгжлийн банкны захирлыг яг үүн шиг “боорлож” байна. Сая бас нэг яамны түшмэлийг унагаад авлаа. Тасдаж авч боорлосоор байгаад эд бад хийчихлээ шүү дээ. Энэ бүхнийг, ингэж боорлохыг цаанаас нь захиалдаг бололтой юм. Хэн захиалга өгдгийг мэдэхгүй. Ямартай ч онилсон нэгийгээ өдөр шөнө, өглөө оройгүй сошиал ертөнцөөр боорлож байна. Ажлаа өгсөн яамны түшмэл хүүхэн амьд явах аргагүй боллоо, амьд явах эрх зөрчигдөж байна гэж байна лээ. Ингэж төрийн сайд, түшмэлээс эхлээд ердийн нэг үйлчлэгч, цэвэрлэгчийн хүртэл амьд явах эрх зөрчигдөж “цөөврүүд”-ийн довтолгоонд өртөж байгаад төр буруутай. Тэднээс хамгаалж чадахгүй байгаагийнхаа төлөө төр хариуцлага хүлээх хэрэгтэй. Төр өөртөө зүтгэж буй хүмүүсээ үндэслэлгүй, увайгүй довтолгооноос хамгаалах үүрэгтэй. Хоёр үйлчлэгчийг ч, Ерөнхий сайдыг ч, түшмэл эмэгтэйг ч хамгаалж чадаагүйнхээ төлөө төрд хариуцлага хүлээлгэе. Хамгийн зэвүүн нь төр “цөөврүүд”-тэй нийлж заримдаа бүр өнөөдүүлийнхээ хэлснээр үйл ажиллагаа явуулж байгаа нь Монголын нийгэмд айдас хүйдэс төрүүлж байна. Энэ бүхэн аливаа таагүй үйл явдал тохиолдоход төр өөрөө захиалаад байгаа мэтээр харагддаг болж. Уг нь төр засаг сайн бүхнийг дэмжин дэлгэрүүлж, магтан сайшааж байх ёстой. Харин саар, муу бүхнийг хориглож, зохицуулж байх үүрэгтэй билээ. Монголын төр энэ үүргээ биелүүлэх цаг болжээ.