Categories
мэдээ цаг-үе

“Цэвэр бичигтэн”, “Алдаагүй зөв бичигтэн” 1В ангийнхан

“Нэг ангийнхан” буланд ихэвчлэн төгсөлтийн 20-40, бүр 50 жилээ тэмдэглэж буй ангиуд уригдаж хүүхэд ахуй, сурагч насны дурсамжтай өдрүүдийнхээ тухай хүүрнэдэг. Харин энэ удаад саяхан Үсэглэлийн баяраа хийсэн Нийслэлийн лаборатори 12 дугаар дунд сургуулийн Б.Сонинцэцэг багштай 1В ангийнхан уригдлаа. Цагаан толгойн баяраар сурагч бүрт нэг нэг үсэг ногдож, тухайн үсэгтэйгээ холбоотой шүлэг цээжилж, малгай урладаг. Гэтэл эдний анги 56-уулаа. Эцэг, эхчүүд багштай нь ярилцаж хэн хэн ямар үсэг болох тухай зөвлөлдсөний эцэст сугалаа сугалуулах нь хамгийн зөв гэж тогтжээ. Ингээд сугалаа татах болоход “Түрүүлж сугалсан хүмүүс А, Б үсгүүдийг сугалчихна. Тиймээс сугалаа сугалах дарааллаа ч бас сугалъя” гэцгээж. Ингээд дахин сугалаа сугалж, дарааллаа сонгож, дараа нь үсгүүдээ сугалжээ. Ямар нэг маргаан, “найраа” оролгүй шударга сугалаа болж 35 хүүхэд ямар ч байсан үсэг бичсэн малгай өмсөхөөр болж, үлдсэн 21 хүүхэд урт эгшиг, хос эгшиг, сурах бичиг сугалжээ. Ангийн багш Б.Сонинцэцэг “Сугалаа татуулахад А.Мишээл-А, Э.Амар ЭЭ, Б.Амар-Амгалан- Монгол хэлний ном, Г.Анх-Эрдэнэ-Хүн орчны ном, А.Баттэнгис-Ай, Д.Бат-Эрдэнэ-математикийн ном, У.Билгүүдэй-Эй, Г.Билгүүндалай-С, Х.Билэг-Од-Я, М.Биндэръяа-Л, С.Болорсондор-ӨӨ, Б.Гэгээлэн-УУ, Г.Гэгээнээ-П, Н.Гэгээн-Үйлс-Ф, Ц.Дагвадорж-Ь, Н.Дөлгөөн-Х, Н.Маргад-Иргэний боловсролын ном, П.Маргад-Эрдэнэ-Е, Б.Мичидмаа-Э, М.Мишээл-Н, А.Мөнгөнзаяа-Ү, Б.Мөнх-Анир-Ю, Б.Мөнхбилэг-Й, М.Мөнх-Оргил-Ө, Г.Мөнхсоёл-Ой, Т.Мөнхтулга-АА, Б.Нандин-Эрдэнэ-Үү, Б.Нарангэрэл-Уй, Д.Номин-Эй, Г.Номуунгоо-Үй, Э.Оюун-Эрдэнэ-Ё, Г.Өнөдэлгэр-Ий, Д.Сайханбилэг-Ж, О.Саянгуа-Уй, Г.Сугар-К, Г.Тэмүүн-Т, Б.Тэмүүжин-Р, Б.Уранзаяа-И, Б.Хасу-Ц, Ч.Хулан-Ай, Г.Хүслэн-Г, М.Хүсэлбаатар-Ж, Н.Энх-Амгалан-Ы, Б.Энхмөрөн-Б, Б.Энхнасан-Үй, Ж.Энхрийлэн-М, Т.Энхтулга-ОО, А.Энхтуяа-Щ, Г.Энх-Үжин-О, Д.Эрболд-Ой, Г.Эрдэнэтунгалаг-Ъ, С.Эрхсаран-Ч, О.Эрхэмхүү-Д, У.Эрхэс-В, Ж.Замилан-З, Чинбаяр-У үсэг болсон” хэмээв.

Ингээд үсэгнийхээ учрыг олсон эдний анги Эрдмийн баяртаа бэлдэж эхэлсэн байна. Ер нь хамгийн том даваа нь үсэгний сугалаа байж. Товлосон өдөр ирж тэсэн ядан хүлээж байсан Үсэглэлийн баяр нь боллоо.

Цовоо сэргэлэн, инээд цалгисан хүүхдийн цангинасан дуу хичнээн сайхан юм бэ. Хар өнгийн юбка, цагаан цамц, ягаан өнгийн цэцгэн зангиагаар гангарсан 1В ангийн охид, хөвгүүд бүгд үсгээ малгайн дээрээ бичиж өмсөцгөөсөн байлаа. Охид нь үсээ чамбай гэгч нь янзалж, зарим нь буржийлган гоёцгоосон байв. Бас нүд, сормуусаа саагаар будуулж Эрдмийн баяртаа өнгө нэмжээ. Өнгөлөг ягаан, цэнхэр өнгийн саатай өндөр өсгийт өмсчихөж. Харин хөвгүүд нь цагаан цамцан дээр ягаан өнгийн цэцгэн зангиа зүүгээд үсээ гельдсэн байлаа. Зарим нь үсэндээ саа цацжээ. Үнэхээр хөөрхөн болцгоожээ. Энэ чинь л Эрдмийн баярын бас нэгэн өнгө үзэмж, уур амьсгал шүү дээ гэмээр. 1В анги эрэгтэй 28, эмэгтэй 28 сурагчтай. Тус сургуулийн нэгдүгээр ангид нийт 350 сурагч сурч байгаа юм байна.

Урлагийн зааланд нэгдүгээр ангийн сурагчид бүлэг бүлгээрээ орж А-Я хүртэл бүх үсэг, номоо уншиж, урлагийн авьяасаа үзүүлсээр Эрдмийн баяраа тэмдэглэж эхлэв. Энэ хооронд сургуулийн удирдлагууд зургаан настнуудын мэндчилгээг үзсэний дараа сургуулийн шилдгүүдээр тодорсон сурагчдад өргөмжлөл гардууллаа. Сурагчдыг урлагийн зааланд үсгээ уншиж, авьяасаа үзүүлсний дараа анги ангид нь оруулж, ангидаа сурлага, хичээл зүтгэл, авьяасаараа манлайлсан шилдгүүдээ тодруулах аж. Энэ үеэр Иргэний боловсролын ном болсон М.Маргадтай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. М.Маргад “Би ном болохыг хүсч байсан. Тэр дундаа Иргэний боловсролын ном болохыг хүсч байсан юм. Миний цээжилсэн шүлэг бол,

Хүн болох багаасаа

Хүлэг болох унаганаасаа

Монгол ёс заншлаа надаас сайн судлаарай. Би эрдмийн баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Ангийн найзууд болон багшдаа хайртай шүү. Уншиж бичиж, бодож сурсан бүх найзууддаа Эрдмийн баярын мэнд хүргэе. Багшдаа баярлалаа” гэсэн бол урлаг, сурлага, спортоор үеийнхнээ манлайлсан Тэргүүний сурагчаар 1В ангийн сурагч А.Мөнгөнзаяа шалгарч сургуулийнхаа захирлын нэрэмжит өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнуулсан юм.


Авьяаслаг бүжигчин сурагч А.Мөнгөнзаяатай ярилцав.

-Хүссэн үсгээ сугалж чадсан уу?

-Чадсан. Би “Ү” үсэг болохыг хүсдэг байсан.

-Хэзээнээс эхэлж “Ү” үсэг болохыг хүсдэг болсон юм бэ?

-“Ү” үсэг авъя даа гэж бодоод байж байсан юм. Тэгсэн чинь сугалуулаад би хүсч байсан “Ү” үсэг боллоо.

-Үсгээ уншиж танилцуулаач?

-Үе бүтээх чадалтай

Үг болох увдистай

Үндсэн эгшгийн нэг “Ү” үсэг би байна.

-Багшдаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Багшдаа хайртай шүү. Надад эрдэм ном сургасанд баярлалаа.

-Ангийн найзууддаа юу гэж хэлэх вэ?

-Ангийнхандаа бүгдэд нь хайртай шүү. Бүгдээрээ онц сураарай.

-Ирээдүйд ямар хүн болохыг хүсч байна?

-Эмч болно.

-Эмч мэргэжлийн юу нь гоё гэж бодож байна?

-Хүмүүсийг эмчлээд эрүүл болгож байгаа нь гоё.

-Чи их гоё бүжиглэдэг юм байна лээ. Бүжигчин болохыг хүсч байна уу?

-Би сая гоё бүжгийг гоё бүжиглэлээ. Миний сэтгэгдэл маш өндөр байна. Би сэтгэгдлээ хуваалцмаар байна.

-За?

-Би бүжиг бүжиглэхдээ чөлөөтэй сайн бүжиглэсэн. Захирал намайг бас магтаад сайн бүжигчин болоорой гээд шагнасан. Би ирээдүйд бүжигчин болохыг хүсч байна.

-Сая эмч болохыг хүсч байсан биз дээ, больчихож байгаа юм уу?

-Эмч ч болно, бүжигчин ч болно гэлээ.

Хүүхэд бүхэн хайраас бүтдэг гэдэг үнэн байх. Тэд хамгийн түрүүнд ангийнхандаа, багшдаа, аав ээждээ хайртай шүү гэж хэлж байв. Харин дараа нь баярлалаа гэдэг үг. Сонин байгаа биз. Томчууд хамгийн түрүүнд баярлалаа. Дараа нь хайртай шүү гэх байсан болов уу.

А үсэг сугалсан азтай охин А.Мишээл “Би болохыг хүсч байсан “А” үсгээ сугалж чадсан. Биднийг хичээлээ сайн хийгээрэй гэж үргэлж захидаг, эрдэм ном заасан ангийн багшдаа хайртай шүү. Бас маш их баярлалаа. Ангийн хүүхдүүддээ баярын мэнд хүргэе. Бүгдэд нь хайртай шүү” гээд үсгийнхээ шүлгийг уншиж сонирхуулав.

Аав ээжийн ачлалтай

Ачит багшийн минь заасан

Алтан номын эхлэл

“А” үсэг би байна.

Өхөөрдөм хөөрхөн яриатай, цоглог жавхаалаг нэгдүгээр ангийнхан бүхнийг сурна гээд л зүтгэж явна. Эхний гараагаа тэд амжилттай давж, бүгдээрээ уншиж бичиж, бодож сурсан байна. Энд тэнд аав ээжүүд нь баярын нулимс ч унагаж харагдана. Ангийн багш Б.Сонинцэцэг “Есдүгээр сарын 1-нд 56 хүүхдийг хүлээж аваад унших, бичих, бодуулах үйл ажиллагаанд шулуудан ороод бүх сурагчдаа уншиж, бичүүлж, бодуулж сургалаа. Өнөөдөр маш сайхан өдөр болж байна. Анх 56 хүүхдийг хүлээж авахад маш хэцүү байсан. Гэхдээ энэ хэцүүг хэцүү гэж бодоогүй. Ноднин жил тавдугаар ангийн 47 хүүхдийг төгсгөж байсан. Энэ 56 хүүхдийг ч гэсэн өмнөх 47 сурагч шигээ хайрлаж, ханцуй шамлан, амрах ч сөхөөгүй ажилласан. Миний сургалтын гол зорилго бол бүх сурагчийг жигд хамруулан авч явах” хэмээн ярихдаа баярын нулимс унагаж байлаа. Б.Сонинцэцэг багшийн хувьд өмнө нь хоёр удаа зургаан настай сурагчдыг эрдэм номын их далайд өлгийдөн авч байжээ. Тэрээр1995 онд МУБИС-ийг төгссөн бөгөөд 2008 оноос мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байгаа юм байна.

Сурагчид дуу дуулж, төгөлдөр хуур тоглож байлаа. Эрдмийн баяр үргэлжилсээр. Эрэгтэй сурагчид бүгд нүдний хар шил зүүчихээд Солонгосын алдарт дуучин PSY-ийн “Gentlemаn” дуун дээр бүжиж байтал нэг нь уйлах гэж байгаа ч юм шиг эсвэл инээх гээд ч байгаа юм шиг царай гарган зогсох нь илт харагдаад томчуудыг инээлгэх нь тэр.

Сургуулийн “Цэвэр бичигтэн”, “Алдаагүй зөв бичигтэн” анги гэсэн хоёр төрөлд 1В ангийнхан тэргүүлжээ. Ангийн багш Б.Сонинцэцэг “Анх есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээж авчихаад зогсож байсан чинь манай ангийн хоёр, гурван хүүхэд сам гаргаж ирээд үсээ самнаад болдоггүй. Хүүхдүүдтэйгээ танилцаж амжаагүй, нэрийг нь мэдэхгүй болохоор “Миний хүүхэд боль” гээд л байлаа. Тэгээд эргээд харахаар л үсээ самнаастай. Ямар учиртай үсээ самнаад байсныг нь ойлгоогүй шүү. Нэг өдөр бас нэг шавь маань оймсоо өмсөөгүй хүрээд ирсэн байсан. Яагаад оймсоо өмсөөгүйг нь асуухад “Хайгаад олохгүй байсан юм аа, багш аа” гэж хэлж билээ. Энэ мэтчилэн хөгжилтэй зүйл зөндөө болдог. Манай анги Т.Энхтулга, Т.Мөнхтулга гэдэг ихэр хүүхэдтэй. Тухайн үедээ дөнгөж ангиа хүлээж авч байгаа хүн чинь ихэр хүүхэд битгий хэл бусад хүүхдүүдийг ялгаж нэрийг нь мэдэхгүй байсан юм. Нэг хүүхэд энд тэнд яваад л дэвтэр номоо гаргасан эсэхийг асуухаар “Гаргасан” гэнэ. Дахиад асуухаар “Гаргаагүй” гээд ойлгомжгүй хариулт өгөөд байхаар нь гайхаж билээ. Тэгтэл ихэр хүүхэд яваад байсан байна лээ. Ингээд долоо хоногийн дотор 56 сурагчийнхаа нэрийг бүгдийг нь тогтоогоод, ялгадаг болсон доо” хэмээн хөгжилтэй мөчүүдээсээ эцэг эх, сурагчдадаа хуваалцсан юм. Энэ үеэр охин П.Маргад-Эрдэнийнхээ Эрдмийн баярт ирсэн аав Г.Пүрэвсүрэнтэй уулзахад “Ихийг сурч мэдэх их хүсэл тэмүүлэлтэй нэгдүгээр ангид орж ирсэн зургаан настнууд маань өнөөдөр ахиц дэвшлийн баяраа хийж байна. Миний сэтгэгдэл маш өндөр байна. Хүүхдүүдийг харахаар үнэхээр гэрэлтэй, гэгээлэг сайхан харагдаж байна. Бага балчир насны минь дурсамжууд ч сэргэж байна. Миний охин П.Маргад-Эрдэнэ “Е” үсэг болсон. Охиныхоо Эрдмийн баярт оролцоод явж байгаадаа баяртай байна. Би заавал “А” үсэг болоосой гэж бодоогүй. Ямар ч үсэг байсан болно. Хамгийн гол нь бүх сурагч уншиж бичиж сурсан нь чухал. Энэ чинь л баяр шүү дээ. Сугалаа маш шударгаар явагдсан. Ямар ч маргаан гараагүй, эцэг эхчүүдийг бүгдийг нь цуглуулж байгаад нүдэн дээр нь сугалаа татуулаад үсэг өгсөн. Гэхдээ яахав “А” үсэг болчихоосой гэж бодолгүй л яахав” гээд инээлээ.

Ийнхүү Нийслэлийн лаборатори 12 дугаар сургуулийн 1В ангийнхан Эрдмийн баяраа амжилттай тэмдэглэж, ангиараа “Цэвэр бичигтэн”, “Алдаагүй зөв бичигтэн” анги болцгоож ангийн багш, эцэг эхчүүдээ баярлуулав. Тэдний хувьд энэ өдөр хэзээ ч мартагдахгүй мөч болон ийнхүү үлдэж байна. 1В ангийн сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Б.ОЮУНЖАРГАЛ

Г.ХОНГОРЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *