Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа, цаашид хийх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан, Улаанбаатар Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд нарын албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэр хорооллын 185 мянган айл өрхийн 70 хувь нь бүрэн шаталттай сайжруулсан зуух худалдан авсан бол энэ жил 80-аад хувь нь хангагдах гэнэ. Өөрөөр хэлбэл ирж буй халаалтын улиралд 16 мянган өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуух хөнгөлөлттэй үнээр борлуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь нийт өрхийн 80 хувьд хүрнэ гэж тооцоолжээ. Улаанбаатар Цэвэр-агаар төслийн хүрээнд өнгөрөгч 2013 онд гурван зорилтот өрхийн хоёрыг нь төсөлд хамруулж, 45 мянган өрхийг сайжруулсан зуухаар ханган, зорилтынхаа 60 хувийг биелүүлсэн байна. Харин өнөөдрийн байдлаар 28 мянга гаруй айл өрхөд зуух хүргэх, суурилуулах, сургах ажлыг хийжээ.