Categories
мэдээ нийгэм

Цэцийн дүгнэлтийг хууль зүйн байнгын хороо дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр хуралдав. Хуралдаанаар ҮХЦ-ийн 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм.

ҮХЦ 09 дүгээр сарын 21-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно …” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тиймээс дээрх заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Байнгын хороогоор уг дүгнэлтийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа гэхэд орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчид ийм асуудал гаргавал хүлээх хариуцлага байгаа юу гэдгийг бид бодох хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь ҮХЦ-ийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *