УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцсон байна.
Тэрбээр “Зөрчлийн тухай хуулийн төслийг 2014 онд боловсруулсан. Дээрх заалтад иргэний эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрхийг огт хөндөөгүй. Харин улс төрийн нам, хүчин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрсдийнх нь хүсэл зоригоос ангид байдлаар жагсаал, цуглаанд оролцуулан ашиглаж буй байдлыг зөрчил хэмээн үзэж, хариуцлага ногдуулж өгнө гэдэг хүсэлт иргэдээс олноор ирснийг төсөлд тусган, хууль батлагдсан. Харин Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтад “хүсэл зоригийнх нь эсрэг” гэдэг үг бичигдээгүй учраас хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал, цуглаанд сайн дураараа оролцох эрхийг хязгаарлах боломжийг бүрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн дээрх заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан” гэлээ.
Хуралдааны төгсгөлд Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “…Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэснийг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “…Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэснийг, Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсгийн “… тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.” гэснийг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор нэг бүрчлэн санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд томъёолол бүрийг 100 хувийн саналаар дэмжлээ.