Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэц гуай зөнөгөрсөн нь үнэн юм биш үү

Цэцийн шийдвэртэй холбоотой орон сууцны найман хувийн зээлийн олголт зогсчихоод байгаа билээ. Үүний дараа Иргэдийн сонордуулга нэртэй хуудас нийслэлийн гудамж, талбайд хаа сайгүй наасан байв. Энэ сонордуулгад “Арилжааны банкууд орон сууцны найман хувийн зээлээ зогсоосон нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс болсон хэрэг. Цэцийн дүгнэлт нь Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж гарсан. Энэ нь орон сууцны зээлийг эргэн төлөгдөх баталгаагүй, хариуцах эзэнгүй, банк ч, шүүх ч хариуцахгүй болголоо. Аливаа үл хөдлөх хөрөнгө зээлжих зэрэглэлтэй байж үнэ цэнтэй болж, эдийн засгийн эргэлтэд ордог. Гэтэл энэ зээлжих зэрэглэл алга болов. Иймээс банкууд эргэн төлөгдөх баталгаагүй, найдваргүй зээлд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг тарааж, эрсдэлтэй бизнес хийхээсээ татгалзаж, ипотекийн зээлээ зогсоов. Найман хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болох монголчуудын хүсэл талаар боллоо. Хашааны газраараа хоршсон айлууд газраа барьцаалан банкнаас зээл авч, хаус хотхон босгоё, барьсан хаусдаа өөрсдөө амьдраад илүү гарсан амины сууцаа худалдаж банкны зээлээ төлье гэсэн итгэл үнэмшлээр нэгдээд байсан иргэдийн хүсэл тэмүүлэлд Үндсэн хуулийн Цэц цэг тавьж бүхнийг зогсоолоо” гэсэн байв. Сонордуулгыг гаргасан газар нь “Шинэ хөдөлгөөн” гэсэн нэртэй аж. Орон сууцны найман хувийн зээл зогссонд дургүйцэж үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс ямартай ч үүнийгээ олонд хүргэе гэж хаа сайгүй нааж. Гэтэл саяхан Цэц үүнтэй холбоотой мэдэгдэл гаргаж, Тагнуулд ханджээ. Цэцийн мэдэгдэлд “Иргэдийн сонордуулга нэртэй ухууулах хуудсыг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс тараасан бөгөөд Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад “Шинэ хөдөлгөөн” гэгчийн талаар мэдээлэл байхгүй байна. Иймд Үндсэн хуулийн Цэцийн Тамгын газраас дээрх үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдлийг алдагдуулан, нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт турхирч, улмаар Үндсэн хуульт байгуулалд заналхийлсэн ноцтой үйлдэл гэж үзэж, зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандаад байна” гэжээ.

“Шинэ хөдөлгөөн” гэдгээс гаргасан дээрх сонордуулгад үндэсний аюулгүй байдлын эсрэг турхирсан, сөргөөр нөлөөлөхөөр үг, өгүүлбэр нэгийг ч олж харсангүй. Үүнийг уншаад үндэсний эв нэгдэл яаж алдагдахыг ойлгосонгүй. Зээл зогсчихоор бухимдсан хүмүүс Цэцийн шийдвэр үүнд нөлөөллөө гэж үзэж. Үүнийгээ олон хүнд хүргэх гэж хуудас цааснууд наачихаж. Цэцийн шийдвэрийг бүх нийтээрээ алга ташин дэмжин хүлээж авах ёстой ч юм биш. Тэдний гаргасан шийдвэрийг хэн нэгэн буруу гэж үзэж болохгүй, ярьж, бичиж болохгүй гэсэн хууль байхгүй. Ардчилсан нийгэмд хэн ч бай өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй. Үүнийг Үндсэн хуульдаа заачихсан. Тэр Үндсэн хуулийг хамгаалж, зөрчүүлэхгүй байх ёстой байгууллага нь үзэл бодлоо илэрхийлсэн хэсэг бүлэг хүмүүс, эсвэл аль нэг хөдөлгөөнийг шалгуулах гээд тэр тусмаа үндэсний аюулгүй байдлын эсрэг турхирч байна гэж үзэж байгаа нь гайхан шогшроход ч багадмаар юм.

Ингэтэл их сүржигнэх юм ер алга. Эрхэм уншигчид ч “Шинэ хөдөлгөөн” гээчийн сонордуулгыг уншсан бол улс оронд хохирол учруулж, аюулгүй байдалд заналхийлсэн нэг ч зүйл олж хараагүй биз. Үндсэн хуулийн Цэц яаж хараад тэгж ойлгосныг мэдэхгүй юм.

Цэцийнхнийг хүмүүс элдвээр хэлдэг. Улс төрийн моорг, улстөрчдийн тэтгэвэртээ гарахдаа орогнодог газар, зөнөглөсөн хүмүүсийн цуглардаг газар гэх мэтээр ярьцгааж байхыг сонссон л байлгүй. Элдвээр ингэж хэлэхэд нь энэ ч юу л бол доо гэж боддог байлаа. Сая ийм хачирхалтай мэдэгдэл гаргахад нь эргэлзээ төрөөд явчихлаа. Зээлээр байр авч чадахаа байчихлаа гэсэн гоморхол, тунирхал, үүнд Цэцийн шийдвэр нөлөөлчихлөө л гэж тэдгээр хүмүүс үзээд санаа нэгдэн “Шинэ хөдөлгөөн” гэж байгуулчихаад Улсын бүртгэлээс нэрээ авч амжаагүй байсан ч байж болох юм. Үнэн хэрэгтээ “Шинэ хөдөлгөөн”-ийнхний тэр мэдэгдлийг уншиж байгаа ч хүн алга. Тэр нааж байгаа хуудсыг нь хараад цахимаар тараачихсан бол арай илүү хүн олж унших байж гэж бодогдоод л өнгөрч билээ. Ер нь үзэл бодлоо илэрхийлсэн ухуулах хуудас наахад хэн ч сүйд болдоггүй шүү дээ. Хаа байсан социализмын үед бүхэл бүтэн нийгэм солигдох мөчид одоо Монгол Улсын баатар болсон Э.Бат-Үүл цагтаа ухуулах хуудас наагаад явж л байсан. Хэн сүйд болж байсан юм. Айхтар юм болох вий гэж бэргэж байсан ч тэгээгүй. Гэтэл тэр үед цаг үе ямар байлаа даа. Өнөөдөр ямар байгаа билээ. Ямар ч хүн хувийн үзэл бодолтой байх эрхтэй. Үзэл бодлоо зарлан тунхаглах эрхтэй. Үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгмийн үндсэн ойлголт ухагдахууны тэргүүнд явдаг. Хүний эрх, эрх чөлөөний тухай Үндсэн хуульд байдаг. Тэр Үндсэн хуулийг манаж, хамгаалж байх ёстой Цэц юу хийгээд байна аа. Хориннэгдүгээр зуун гараад, ардчилал Монголд хөгжөөд 25 жил болчихсон, ардчилсан оронд Цэцийн ийнхүү аяглах нь хэтэрхий инээдтэй харагдаж байна. Цаас наахад ганхдаг тусгаар тогтнол, аюулгүй байдал гэж байдаггүй юм. Монгол минь байрны зээл авч чадахаа байлаа гэсэн бичигтэй цаасны дайны хэврэг тусгаар тогтнолтой улс орон болж таарах юм уу, Үндсэн хуулийн Цэцийнхээн. Тэр байтугай бүхэл бүтэн нийгэм солигдоход ганхаж хөдлөөгүй тусгаар тогтнол. Хятадын дивизүүд Шанд өнгөрөөд явж байна гэвэл улс орны аюулгүй байдал эвгүйтэх нь гэж ярьж болох юм. Гэтэл хэдэн хүн цаас нааж, үзэл бодлоо бичсэний төлөө ийнхүү мэдэгдэл гаргахдаа тулж байгаа нь хэтэрхий хийрхсэний шинж. Тэдний мэдэгдлээс “Ихэнх нь улстөрч байсан, хийрхсэн хэдэн хөгшин хүн Үндсэн хууль манаж байгаа нэртэй эцэг хууль дээр зайдалж суучихаад улс төрийн шийдвэр гаргадаг” тухай зарим хүний хэлж байсан нь ортой юм шиг санагдахаар байна. Х.Тэмүүжин гишүүний санаачилсан Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Цэцийн гишүүдийн насны дээд хязгаарыг 65 болгосон заалт оруулж ирж байгааг байнгын хороо хэлэлцэн дэмжээд байгаа. Ингэж нас зааж хуульчилж байгаад гайхах зүйлгүй юм байна. Үндсэн хуулийн Цэцийн эрхмүүд ээ, халдлага болох гэж байгаа юм шиг хадууралгүй, Үндсэн хуулиа л яг энэ үйлдэл шигээ маш сайн манаж, хамгаалж үзээрэй дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *