НЗДТГ-ын Цэргийн штабаас нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг энэ сарын 5-наас эхлүүлэх талаар мэдээлэл хийлээ.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт ” Энэ жилийн цэргийн бүртгэл өмнөх жилүүдийг бодвол онцлогтой болж байна. Өмнө нь сумын тамгын газар, хороон дээрээ биечлэн очиж цэргийн бүртгэлд хамрагддаг байсан бол энэ жилээс эхлэн e-mongolia аппликэйшнийг ашиглан гэрээсээ, хаанаас ч цахимаар бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Гэвч цахим хэлбэрт шилжсэн энэ үед иргэд идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.
18-55 насны иргэн бүртгэлийн дараах гурван хувилбараас сонгох боломжтой:
- гар утасны аппликэйшн
- вэб портал
- 21 аймаг, нийслэлийн төрийн үйлчилгээний оператораар дамжуулж бүртгүүлэх боломжтой.
Хэрэв интернетгүй орчинд байгаа бол нийслэлийн үйлчилгээний зургаан цэгт болон баг, хороон дээрээ иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очин бүртгүүлнэ. Бүртгэлийг нэгдүгээр сарын 5-21-нийг хүртэл явуулах ч нөхцөл байдлаас шалтгаалан бүртгэлийн хугацааг сунгах магадлалтай гэлээ.