Categories
мэдээ нийгэм

ЦЕГ, Монголбанктай хамтран ажиллахаар болов

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн
комиссар Ө.Энхтөр, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Хамтын
ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын банк,
санхүүгийн салбарт технологийн шинэчлэл бүрэн хийгдэж, банкнаас иргэд аж
ахуй нэгжүүдэд үзүүлж буй төлбөр, тооцооны үйлчилгээ нь цахим хэлбэрт
шилжиж олон улсын жишигт хүрээд байна. Үүнийг дагаад банк, санхүүгийн
салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, харилцагчдын дансны
мэдээлэлд нэвтрэх, мэдээллийг хулгайлах, төлбөрийн цахим картыг
хуурамчаар үйлдэх, ашиглах зэргээр арилжааны банк болон иргэд, аж ахуй
нэгжүүдэд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг удаа дараа
бүртгэгдэн шалгагдаж, жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх төрлийн
гэмт хэргүүдэд сүүлийн гурван жилийн байдлаар дүн шинжилгээ хийхэд гэмт
этгээдүүд олон улсад ашиглагддаг төлбөрийн цахим картыг хуурамчаар
үйлдэн, Монгол улсад богино хугацаагаар зорчих үедээ банкны цахим
гүйлгээ болон бэлэн бус төлбөр тооцоонд ашиглаж, онц их хэмжээний
хохирол учруулах байдлаар үйлдэгдэж байгаа нь тогтоогдсон юм. Монгол
Улсад олон улсын төлбөрийн карт ашиглан үйлдэж болзошгүй хууль бус
гүйлгээнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сэжигтэй гүйлгээний талаар
мэдээлэл солилцох санг үүсгэж хамтран ажиллах зорилгоор энэхүү санамж
бичгийг байгуулж байгаа юм.

Санамж бичиг байгуулснаар гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх,
гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг тогтоох,
арилгах талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулж, хууль бус гүйлгээг
Эрүүгийн цагдаагийн газар болон банкуудтай хамтран таслан зогсоох,
илрүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож ажиллах юм.

Монгол банк, Цагдаагийн Ерөнхий газар нь
Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн тогтвортой хэвийн үйл
ажиллагааны эсрэг үйлдэгдсэн олон төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үр
дүнтэй зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал үндэсний болон гадаадын
мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 2013
онд байгуулсан “Гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг илрүүлэх,
бүртгэх, хадгалах, устгах” журам, Терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах
гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мөн онд байгуулсан “Хамтран ажиллах
санамж бичиг” зэрэг хамтын ажиллагааны хүрээнд тодорхой төрлийн гэмт
хэргүүдээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд хамтран ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *