Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, зохицуулалтын хэлтсээс мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Энэ удаагийн хөл хорионы үеэр QR код олгох зохицуулалт хийх журам гарсан. Хөл хориог сунгасан 12 хоногийн хугацаанд орой 20:00 цагаас хойш явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Уг ажлын хэрэгжилтийг цагдаагийн байгууллага, онцгой байдал, ДХИС-ийн сонсогчид үүрэг гүйцэтгэн гудамж талбайд ажиллаж байна.
Сэтгүүлчдийн хувьд өглөө 10:00 цаг хүртэл хувийн тээврийн хэрэгслээрээ зорчоод, өдрийн цагаар байгууллагынхаа лого бүхий QR кодтой тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож ажлаа зохицуулна. Ингэхдээ тухайн сэтгүүлч нь өөрийнхөө бичиг баримттай явна.
Өнгөрсөн долоо хоногт илэрсэн зөрчлөөс дурдвал зөвшөөрөлтэй байгууллагын харуул хамгаалалтын албаны машин ардаа төмс ачиж явсан тохиолдолд гарсан.
Журамтай холбоотой холбогдох мэдээллийг цагдаагийн алба хаагчдад хүргэж байгаа. Нэмэлтээр ажиллаж байгаа алба хаагчдад арай хүрээгүй байхыг үгүйсгэхгүй. Аль болох хурдан хүргэж ажиллаж байна. Улаанбаатарын хэмжээнд 5000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Нэг зүйлийг хэлэхэд, иргэд шалтаг шалтгаан тоочих тохиолдол маш их байгаа. Алба хаагчид аль болох ойлгоод явуулахаар өглөө эмнэлэг явж байсан хүн орой согтуу явж таарах жишээтэй. Үнэхээр шалтаг шалтгаантай явж байгаа бол холбогдох баримт бичгээ үзүүлээд явах хэрэгтэй. Аль болох сул хөдөлгөөн гаргахгүй байхаар ажиллах болно.
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед иргэд хариуцлагатай байж, хамтран ажиллахыг хүсье” гэв.