Нэг. ХҮНИЙ НӨМӨР
1980 онд миний найз нарын “бүтэц” өөрчлөгдлөө. Өмнө нь би ангийн нөхөд, халиад л дээд, эсвэл доод ангийн ганц нэг хөвүүнтэй нөхөрлөдөг байв. Гэтэл их сургуулийн оюутан болсноор насаар бараг л үе мултарсан ах, эгч нартай нэг ангийн нөхөд болдог юм байна. “Наадаж өссөн багын нөхөд минь Насаараа нэгэндээ ангийн хүүхэд ээ” гэж дуунд гардаг шиг бид дорхноо л үе тэнгийнхэн мэт дотнослоо. Арван наймтай хөвүүн гучин тавтай ахтай анд бололцлоо.
Тэр үед дээд сургуулийн өдрийн ангид элсүүлэх насны дээд хязгаар 35 байсан юм. Тэдний заримын хүүхэд биднийг дипломоо гарддаг жил 10 дугаар ангиа төгсгөж байсан даг. Залуу насаа үдэн алдаж байсан ах эгч нар бидэнтэй нийлээд залуужиж, хүүхэд зантай болж байгаагаа гайхдагсан. Харин бид тэднийхээ нөлөөгөөр хэрсүүжин амьдралын хөлгүй далайд янз бүрийн алхмуудаа хийж байлаа. Хүний нөлөө янз бүр ээ. Зарим нь амьдралын ээдрээт өнгийг эртээс таниулж, “эр хүн” болгохыг чухалчилж байхад нөгөө зарим нь гашуун нясуун юманд хөөрхөн дасгалжуулна.
Бас нэг нь “элээсэн оймс”-ныхоо тоогоор ахархаж, зааж удирдахыг үүргээ гэж итгэнэ. Гэтэл дараагийнх нь бидний орь залуу ертөнц рүү эргэн уусч, хүүхдэрхүү хонгор зан чанарууд нь сэрж, баяр баясгаланд умбана. Ийм ах нарын нэг нь Цээпээ буюу Ш.Цэрэнпил байлаа. Гэр бүл үр хүүхэдтэй, өрх айлыг толгойлж явсан тэрээр дан хар толгойгоо даасан биднийг бодоход олон хариуцлага үүрсэн хүн байв. Ухаандаа төвийн сонинуудад байнга мэдээ сэлт бичнэ. Биднийг ч бас ингэхийг “уриалж” таван цаасны шагнал нь оюутан хүнд хэрэг болно” гэж ятгадагсан. Зарим нь түүнийг эргүүлээд гоочилно. Хэл амаараа гүйцэгддэггүй Ерэнтэй нэг удаа “Та нар Цэрэнпил шиг мэдээ бичиж баяжигтун” гэж хэлснээсээ болоод мань хоёр сүрхий тар тур хийж билээ.
Бас биднийг авьяастай гэж их магтана. Энэ магтаалд нь би их дуртай байсан боловч зарим нэг хэлдэг үг нь дургүй их хүргэнэ ээ.
Нэг удаа би хичээлээ таслаад ангийнхаа нэг ахтай хөдөө яваад ирэв ээ. Сайхан аялал байсан л даа. Тэгсэн чинь мань Цэрэнпил хэлж байна аа.
-Энэ хүүхэд ирэх хавар цэрэгт явжээ, хөөрхий. Хичээл тасалдгаас нь л явуулдаг юм чинь. Харин цаадах чинь бол цэргийн нас хэтэрсэн хүн юунаас айх билээ. Ингээд сэтгүүлч болох хайран сайхан мөрөөдөл талаар болох нь тэр дээ гэх нь тэр.
Миний уур хүрсэн гэж жигтэйхэн, шууд л намайг харааж байна. Бидний сайхан нөхөрлөлийн дундуур хатгаас хийж байна гэж тусгасан. Бодох тусам уур хүрээд, тэгэхдээ үнэн санагдаад. Үнэн санагдах тусам хор хөдлөөд.
Харамсалтай нь намайг гомдоосон Цэрэнпилийн үг үнэн санагдаад гачлантай байлаа. Үнэхээр л дээд сургуулиуд жаахан залхсан нөхдөө цэрэгт явуулдаг, гурван жил албаа хаагаад эргэж ирж суралцах нь сурдаг, үгүй нь үгүй байсан юм. Ялангуяа манай сэтгүүлзүйн салбар шиг заримдаа жил өнжиж элсэлт авдаг, заримдаа бүр хаагдчихдаг ангид эргэж ирж суралцах гэдэг үнэхээр эргэлзээтэй зүйл байсан юм. Ингээд би жаахан олигтой байх талаар юм бодох хэрэгтэйг сүүлдээ ухаарсан.
Гашуун үгт ах бид хоёр үргэлжлэн улам сайхан нөхөрлөх боллоо. Тэр ганцхан гашуун үг ч хэлдэг хүн биш. Магтаалаа ч хайрлахгүй. Манийгаа дагуулаад энд тэндхийн найз нартаа их магтана. Их авьяастай гэхдээ хариуцлагагүй нөхөр гэж шүүмжилнэ.
Цэрэнпил биднийг “идэвхтэй байж төвийн сонинд юм бичиж өөрийгөө таниул. Сургууль төгсөхөд чинь чамайг авах магадлалтай. Сургуулиа төгсгөөд хотод л үлдэх хэрэгтэй. Хөдөө явбал хайран сайхан авьяас чинь зэвэрнэ” хэмээн их ятгадагсан. Мануус түүнийг нь “уг нь үнэн үг” хэмээн дэмжих боловч дагадаг хүн ховор байж дээ. Ингээд Их сургуулийн он жилүүд нэг л мэдэхэд өнгөрч төвийн хэвлэлд мэдээ сурвалжлагаас эхлээд юм юм тасралтгүй бичиж байсан Цэрэнпил ах “Үнэн” сонинд хуваарилагдан хотод үлдлээ. Түүнтэй үргэлж арсалддаг ч сайн найз нь байсан Ерэнтэй “Тоншуул”-д юм бичсээр байгаад тэндээ бас үлдэв. Харин төвийн хэвлэлд шүлгээ гаргаж байсан миний бие хөдөө явахдаа туллаа. Учир нь бүх юмаа шүлэглэдэг, эсвэл шүлэгчийн орон тоотой газар хотод байсангүй.
Гэтэл улсын шалгалтын өмнөхөн амьдралын нэгэн эргэлт таарч миний бие сургуулиа төгсгөж чадсангүй ээ. Жилийн чөлөө авчихлаа. Үнэн сонины сурвалжлагч болсон “хөгшин” анд маань надаас харилцаагаа тасалсангүй. Чехийн “Консул” гэдэг машинаар цохисон жижиг үсэгтэй олон захиа нь надад байдаг. Тэр үед бид хоёр шиг таваас арван хуудас захиа бичилцдэг хүн ховор байсан буй заа. Тэрээр Үнэн сонины эрхлэгчээр томилогдоод удаагүй байгаа Л.Түдэв гуайг авьяас билиг боловсрол тэгш төдийгүй шинэлэг сэтгэлгээтэй, залуусыг зоригтой дэмждэг хүн хэмээн их магтана.
Ингээд зогсохгүй чамайг их авьяаслаг хүү тэнд байгаа хэмээн нэг бус удаа эрхлэгч Түдэвт магтсан гэдгээ мэдээлдэг байлаа. Ингээд хойтон жил нь сургуулиа дүүргэж дипломоо амжилттай хамгаалсны дараа Цэрэнпилийн өгсөн “мэдээлэл”- ийн мөрөөр Л.Түдэв эрхлэгч намайг дуудан уулзаж билээ.
Мэдээж Л.Түдэв өөрийн хэмжүүр үнэлэмжтэй, ланжгар амьтан байлаа даа. Ингээд удалгүй би тэнд Түдэв гуайн цуглуулсан залуус болох С.Цацралт, С.Батмөнх, Ш.Батмөнх, Д.Батмөнх, Д.Цэрэнжав нарын эгнээнд очиж “Үнэн” сонины алтан гэж болох үед ажиллаж байлаа. Захиалга нь тэр үеийн “Үнэн” сонин шиг 200.000 хувьд хүрсэн хэвлэл одоо болтол манай түүхэнд гараагүй л байна.
Диплом хамгаалахынхаа өмнөхөн би Сэлэнгэ аймаг дахь “Үнэн” сонины сурвалжлагч Цэрэнпилийнд очиж хэд хоног амарлаа. Цээпээ ах эрх мэдлээ ашиглан намайг анх удаа хилийн дээс алхуулсан нь Хиагт орж үзсэн явдал байв. Хүүхдүүд нь “Энэ ах манай төрөл биш байж яагаад манайд хоноод байгаа юм бэ” гэж асуусан гэдэг.
Хоёр. ИЧГҮҮР ДУНДААС ТАСАРСАН БАХАРХАЛ
Ш.Цэрэнпил манай үеийн ахмад сэтгүүлч. Нас ахмад хүмүүс “манай үеийн” гэж хэлэгдэж явах нь олонгүй. Үргэлж шинэчлэлийг хайж, шинэ үеийнхэнтэйгээ нөхөрлөж явдаг хүн цаг үеэсээ хоцордоггүй аж.
Манайхан мэднэ дээ нэг тийм, туршлага дурсамж хоёроос өөр юмгүй болчихсон улс байдаг даа. Тэд ямар дарамттай байдаг гээч. Ярьдаг юм нь багадаа амсаж, эдэлж, туулсан бэрх амьдрал. Магтдаг юм нь “өөрийг нь оруулаад өөрийнх нь үеийн гэх мундагчуулын баатарлаг зам, дундрахгүй авьяас” гээч юм. Голдог юм нь “одоогийн авьяасгүй, хатуужилгүй” залуус. Нэг ийм нөмөр нөөлөг гэхээсээ дарамт болсон ахмад үе байдаг даа.
Ийм үеийг л Цэрэнпил надтай танилцсан цагаасаа эхлэн шоолдог, тэднээс зайлсхийдэг нэгэн байсан. “Үнэн” сонинд байхдаа ч тэр хамгийн зоримог, хурц шүүмжлэлтэй юм бичдэг сэтгүүлчдийн нэг байлаа. Сэлэнгэ аймагт байхдаа аймгийн нэг томоохон даргыг хатуухан шүүмжилж бичсэн юмдаг. Тэр үед ер нь бол манаач, цэвэрлэгчээс дээш хүнийг шүүмжлэхдээ болгоомжилдог, дарга нарыг шүүмжлэх гэхээр давхар нам засгийг шүүмжилсэн асуудалд унагаачихдаг хэцүү үе байсан. “Үнэн” сонин гагцхүү Түдэв гуайн эр зоригийн хүчээр нэлээн тийм эрэлхэгдүүхэн байдалтай байсан цаг.
Ер нь одоо ч гэсэн сонины эр зориг гэдэг ерөнхий эрхлэгчийн эр зориг хэвээрээ байгаа. Миний удирдлага, манай дарга нар намайг хамгаалж чадна гэсэн итгэлтэй сэтгүүлч л төр засаг, хүчирхэг бүлэглэлийн булхайг илчлэх зоригтой байдаг билээ. За энэ ч яах вэ.
Гол нь манай Цэрэнпилд шүүмжлүүлсэн тэр дарга төрийн том одон авах бэлтгэлээ хангаад байсан юмсанж. Гэтэл сонин дээр шүүмжлүүлсэн гээд одонгийн оочер нь ухарчихжээ. Ингээд зогссонгүй мөнөөх одонгоос хоцрогч дарга чинь “Үнэн” сонины ажилтнуудын хувь заяаг шийдэлцдэг нэг даргын маань хамаатан байсан юмсанж. Ингээд Цэрэнпилээс хариугаа тэд нэлээн тойруу замаар аваад Дорноговь руу хөөгөөд явуулчихсан юмдаг. Ерэнтэй бид хоёр Цээпээ ахынхыг Сибирийн хөвчийн өмнө үзүүрээс Говийн их цөлийн ар луу төмөр замаар нүүлгэлцэж, ганц нэг юм хуваан, өнөө айхавтар даргыг ханцуй дотроо зүхэцгээн салж билээ.
Бид уулзахаараа л нам засгаа муулна. Тэр үед “нам засгаа муулах” гэж тусгай нэр томьёо байсан. Энэ нь итгэлтэй хүмүүс сэмхэн нийлээд нууцгайгаар засаг төрөө магтахгүй юм ярихыг хэлж байгаа юм. Удалгүй ардчилсан хувьсгал гарлаа. “Үнэн” сонины залуус мөр мөрөө хөөн одоцгоосон. Цэрэнпил ардчилсан хувьсгалыг талархан угтсан ч “Үнэн” сониндоо нэг хэсэгтээ байлаа.
Түүний үеийнхэн ихэнхдээ зах зээл, ардчиллыг халуунаар хүлээн авч чадаагүй ба “Ардчилсан холбооны хулигаанууд, Алт дилерийн луйварчид, Зориг эрлийз, Элбэгээ хулгайч” гэж олдсон цаасныхаа хэрээр сараачсан, шагнал гавьяа ч чамгүй хүртсэн. Харин тэд ардчилал зах зээлийн буяныг хамгийн түрүүн хүртсэн, хамгийн эхэнд тарга хүч гүйцсэн боловч шинэ үеийг улам л харааж, эсвэл хараалгах ажлыг санхүүжүүлж байсан даа.
Уул нь Будда багш “Олсон орлогынхоо арван хувийг буян үйлдэхэд зориул” гэж захисан гэдэг. Харин тэд олсон орлогынхоо арваас дээш хувийг, олдсон эрх чөлөөнийхөө хориос дээш хувийг өөрт нь энэ бүхнийг авчирсан ардчилсан хувьсгал ба түүний хүүхдүүдийг зүхэхэд зориулж байсан юмдаг. Тэд өөрсдөө ч яахав зөв юм хийсэн гэж итгэсээр одоцгоох биз. Харин үр ач нь аавыгаа, өвөөгөө дурсаад, ийм гавьяат тийм одонт хүн байсан, бичсэн юм нь энэ гээд гаргаад ирэх гэхээр л дандаа ирээдүй рүүгээ цацсан шороо, үсэргэсэн шүлс нь нүдний булай болж гарч ирээд бөгс улайна гээч болох байх даа. Ингээд үеийнхнийхээ өмнө түлэгдэхгүйн тулд тийм өвөөтэй гэдгээ нууж явах байх даа. Хувь тавилан ч хүнээр хөөрхөн тохуурхдаг золиг л доо.
Харин Цэрэнпил өөрийн үе насны сэтгүүлчид дотроосоо ардчилсан хувьсгалыг халуунаар тосон авсан олонгүй хүний нэг нь. Тэр ардчилсан холбоонд элсч, Ху намын улаан батлахаа урж шидэж зориглоогүй ч гэсэн айсуй цагийн өөдөөс шороо цацаагүй билээ. Тэр хичнээн дургүй байсан ч салхи сөрж нулимж болохгүй гэдгийг мэддэг хүн юм. Хуучин юм үргэлж гологдож элэгдэж, хүссэн хүсээгүй шинэдээ зайгаа тавьдгийг тэр идэр залуугаасаа мэдэрсэн байсан. Ардчилсан хувьсгалын удирдагчдыг өөрийн үе насныхан дотроос хамгийн анх магтан бичиж байсан хүний нэг нь Цэрэнпил байлаа.Баабарын тухай бичсэн түүний хөрөг нь тухайн үеийнхээ шилдэг сайн нийтлэлд ордог. Цэрэнпил удалгүй төвийн голлох хэвлэл “Ардын эрх” сонинд шилжин ирж тоймчоор ажилласан юм. Өөрийнхөө араас түрэн ирсэн залуустай дахин мөр зэрэгцэж ирсэн нь энэ байлаа. Цэрэнпил ах өнөө үеийн сэтгүүлч, сайн бүтээлүүд нь өнөөдөр ч гарч байгаа учраас нийтэд танил хүн. Түүний сайныг нотлохын тулд “тээр жил нэг гоё юм бичиж билээ” хэмээн архив ухалтгүй, одоо бичиж байгаа юмыг нь харчих хэрэгтэй.
Цээпээ ахтай нөхөрлөсөн он жилүүд намайг хоёр юманд сургажээ. Нэгдүгээрт, араасаа түрэн ирж байгаа шинэ үеийг сонсч, тэднийг хамгийн түрүүнд ойлгож дэмжих явдал. Шинэ үеэ ойлгохгүй байгаа бол чиний хоцрогдол болохоос, тэдний буруу биш. Туршлага хуримтлуулна гэдэг нэг талаасаа шинэчлэл төгсөхийн тэмдэг. Цэрэнпил ингэж ухааран миний үетэй нөхөрлөсөн, биднийг бас ингэхийг зааж үлгэрлэдэг.
Миний амьдралд хувь заяаны ивээл, сайн үйлийн үрээр учирч дэм өгсөн олон сайхан хүн байдаг. Тэдний нөмөр нөөлөг л хээр талын цулгуй хаваржаанд малчны гэрт төрсөн хүнийг өдий зэрэгт өөд татжээ. Тэдний нөмөр надад бас нэг зүйл сургасан юм. Энэ нь шинэ үеийнхнийхээ сайхан чанаруудыг олж харж, дэмжиж тэтгэж байх явдал. Хүн тийм үүрэгтэй төрдөг юм шиг байгаа юм. Цэрэнпил ахын нөмөр над ингэж хэлээд байдаг. Одоо юм юм өөр болж. Гэхдээ л хүнд хүний нөмөр хэрэгтэй байдаг. Ялангуяа авьяаслаг чадварлаг залуусыг дэмжихэд урамтай.
2007 оны арванхоёрдугаар сарын 26.
Зохиогчоос: Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн дүр төрхийг бий болголцсон сэтгүүлчдийн нэг Ш.Цэрэнпил маань бурхны оронд одоод олон жил өнгөрчээ. Дээр толилуулан буй өгүүлэл ч бичигдээд удсан бөлгөө. Тэнгэрт хальсан анд нараа дурсах сайхан ч тэд маань магтаал зэмлэлийн алийг ч сонсон дуулахгүй оронд одсон гэдгийг санахад гашуун. Харин энэ бичлэгийг бурхан болооч амьд сэрүүндээ уншиж, талархал дүүрэн харцаар ширтэж байсныг санахад сайхан байнам.
Б.ЦЭНДДОО